Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан тусгай ажлын хэсэг болон “Рио Тинто” компанийн төлөөлөгчид өнөөдөр хэлэлцээрийн ширээний ард сууж, тулгамдсан асуудлуудаа эцэслэн шийдвэрлэлээ. Уулзалтаас гарсан түүхэн шийдвэрүүд болон эдийн засгийн бодит үр өгөөжийн талаар Ерөнхий сайд Н.Учрал олон нийтэд албан ёсны мэдээлэл хийв. Тэрбээр ард түмэндээ хандан, “Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд “Оюу толгой”-н хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж чадлаа” хэмээн онцолсон юм.
Санхүүгийн дарамтыг бууруулж, 22 их наяд төгрөг хэмнэв
Шинэ Засгийн газар байгуулагдсаныхаа эхний 100 хоногийн босгон дээр “Оюу толгой”-н хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулах тохиролцоонд хүрч чадсан байна. Ингэснээр урьд өмнө нь өр зээлийн төлбөрт суутгагдахаар байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг Монгол Улс цэвэр хэмнэж чадлаа. Энэхүү санхүүгийн оновчлолын үр дүнд манай улсын хүртэх цэвэр өгөөжийн хэмжээ дахин 2.5 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх таатай нөхцөл бүрдэж байна. Хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэсэн голлох үр дүнгүүдийг дараах байдлаар багцлан дүгнэж болно:
- Төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллароор буюу 8 орчим их наяд төгрөгөөр бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр өсгөв.
- Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг эргэж харах 7 жилийн хугацаатай байсан хэлэлцээрийн цонхыг 3 жил тутамд болгон богиносгож өөрчилж чадлаа.
- Монгол Улс энэ онд багтан “Оюу толгой” төслөөс анх удаагаа ногдол ашиг авахаар “Рио Тинто” компанитай албан ёсоор тохиролцов.
Ирээдүйн өгөөж ба “Онтрэ”-гийн тусгай зөвшөөрөл
Эдгээр цуврал хэлэлцээрүүдийн үр дүнд Оюу толгойн ордоос төлөгдөх 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж байна. Ингэснээр Монголын талын ирээдүйд хүртэх нийт ашиг 4 тэрбум ам.доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр зузаарч байгаа юм. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Учрал тус бүлэг ордын чухал хэсэг болох “Онтрэ”-гийн хэлэлцээрийг өнөөдөр албан ёсоор эхлүүлж байгааг зарлаад, ард түмний хүртэх ашгийг Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулж, УИХ-д танилцуулах үүргийг холбогдох сайд нарт даалгав. Тэрбээр хөрөнгө оруулагч талд талархал илэрхийлэхийн зэрэгцээ “Монголын хувь заяа монгол хүний гарт бий. Монголын заяа их” хэмээх үгээр мэдээллээ өндөрлөлөө.