Зээлийн мэдээллийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг өглөө

УИХ-ын дарга Монголбанкны удирдлагуудтай уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцлээ.

Уулзалтаар иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг авч үзэж, зээлийн мэдээллийн сан, зээлжих чадварын онооны тогтолцооны хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Монголбанкинд тодорхой үүрэг, чиглэл өгсөн байна.

Иргэдээс ирсэн саналын дийлэнх нь “хар жагсаалт”-тай холбоотой байжээ

Улсын Их Хурал “Нээлттэй парламент” зорилгын хүрээнд “И-Монголиа” системд “УИХ-Таныг сонсож байна” цахим сувгийг ажиллуулж эхэлсэн.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэдээс 300 орчим санал ирсэн бөгөөд тэдгээрийн олонх нь төрийн үйлчилгээний хүндрэл, хууль тогтоомжийн хэрэгжилт, эдийн засгийн дарамттай холбоотой асуудлыг хөндсөн байна.

Эдгээрээс хамгийн олон давтагдсан нь Зээлийн мэдээллийн сан буюу иргэдийн нэрлэж заншсанаар “хар жагсаалт”-тай холбоотой гомдол байсныг уулзалтын үеэр онцолжээ.

Зээлээ төлсөн иргэдийг удаан хугацаанд сөрөг бүртгэлд үлдээхийг халсан

Улсын Их Хурал иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Ингэснээр зээлээ бүрэн төлсөн иргэдийг удаан хугацаанд сөрөг бүртгэлд үлдээдэг тогтолцоог халж, олон улсын жишигт нийцсэн зээлжих чадварын онооны тогтолцоог хуульчилсан байна.

Гэвч уг зохицуулалтын бодит хэрэгжилт хангалтгүй, бүх банк, санхүүгийн байгууллага хууль, журмыг жигд мөрдөхгүй байгаа талаар иргэдээс санал, гомдол ирсээр байгааг УИХ-ын дарга С.Бямбацогт тодотгожээ.

Монголбанкинд тодорхой үүрэг өглөө

Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг бодитой хангах, иргэдийн зээлийн мэдээллийг үнэн зөв, шуурхай шинэчлэх, зээлжих чадварын онооны тогтолцоог ил тод, шударгаар хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкинд хэд хэдэн үүрэг өгсөн байна.

Үүнд мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд хуульд заасан хугацаанд мэдээллээ шинэчилж байгаа эсэхэд нэгдсэн хяналт шалгалт хийх, зээлжих чадварын оноог мэдээллийн өөрчлөлттэй уялдуулан шуурхай шинэчилдэг тогтолцоог бүрдүүлэх чиглэл багтжээ.

Мөн бага дүнтэй болон бүрэн төлөгдөж хаагдсан зээлийн мэдээллийг хадгалах хугацааг дахин судалж шинэчлэх, иргэд өөрийн зээлийн мэдээлэл болон оноонд нөлөөлсөн хүчин зүйлсийг нээлттэй харах боломж бүрдүүлэхийг үүрэг болгосон байна.

Алдаатай мэдээллийг цахимаар залруулах боломж бүрдүүлнэ

Уулзалтаар алдаатай зээлийн мэдээллийг нэг цонхны зарчмаар цахимаар залруулдаг тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатайг мөн онцолжээ.

Түүнчлэн зээл олгохоос татгалзсан тохиолдолд тухайн үндэслэлийг иргэнд тайлбарладаг нийтлэг шаардлагыг мөрдүүлэх, онооны тогтолцооны хэрэгжилтийн талаар улирал тутам олон нийтэд мэдээлэх чиглэл өгсөн байна.

Мөн Зээлийн мэдээллийн санд зөвхөн банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн мэдээллийг бүртгэдэг байхыг үүрэг болгожээ.

30 хоногийн дотор санал, хэрэгжилтийн дүн танилцуулна

Дээрх арга хэмжээний хэрэгжилт, мөн шаардлагатай хууль, журмын өөрчлөлтийн саналыг 30 хоногийн дотор танилцуулахыг Монголбанкны удирдлагад үүрэг болгосон байна.

Ингэснээр иргэдийн зээлийн мэдээлэлтэй холбоотой гомдлыг бодитой шийдвэрлэх, онооны тогтолцоог ил тод болгох, банк санхүүгийн байгууллагуудын мэдээлэл шинэчлэх ажиллагааг жигд болгох зорилт тавьж байна.

Зээлийн мэдээлэл иргэнийг дарамтлах бус шударгаар үнэлэх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн мэдээллийн тогтолцоо нь иргэнийг насан туршид нь эдийн засгийн дарамтад байлгах хэрэгсэл байх ёсгүйг онцолсон байна.

Түүний хэлснээр, энэ тогтолцоо иргэдийн санхүүгийн сахилга бат, төлбөрийн чадварыг шударгаар үнэлдэг байх ёстой. Мөн Улсын Их Хурал иргэдийн дуу хоолойг сонсоод өнгөрөхгүй, тодорхой хугацаатай үүрэг өгч, хэрэгжилтийг нь шаардаж ажиллана гэж мэдэгдлээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу