ЗГ: “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business)”-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар төрөөс хуулийн этгээдэд үзүүлж буй үйлчилгээг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)”-ээр дамжуулан цахим хэлбэрээр хүргэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Мөн шүүх, прокурор болон УИХ-аас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад энэ чиглэлээр зөвлөмж хүргүүлжээ.

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, төрөөс аж ахуйн нэгжүүдтэй харилцах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business)”-ийг 2023 онд нэвтрүүлсэн байна. Тус системд төрийн 832 үйлчилгээг нэгтгэсэн бөгөөд бизнес эрхлэгчид 485 мянга гаруй үйлчилгээг цахимаар авсан байна.

Зөвшөөрлийн тухай хуульд тусгагдсан 371 зөвшөөрлийн 276 нь цахим хэлбэрт шилжсэн боловч “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business)”-д хараахан холбогдоогүй байгаа аж. Түүнчлэн сар бүр шинээр байгуулагдаж буй 1,540 орчим хуулийн этгээдийн 27.2 хувь нь орон нутагт бүртгэгдэж байгаа тул байршлаас үл хамааран төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авах хэрэгцээ нэмэгдэж байна.

“Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business)”-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар тус системийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ. Ингэснээр төрөөс хуулийн этгээдтэй харилцах үйлчилгээг нэг цонх, нэг сувгаар үзүүлж, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажил эрчимжих юм.

Мөн төрийн байгууллагууд тус тусдаа салангид систем хөгжүүлэхгүйгээр нэгдсэн системээр дамжуулан үйлчилгээ үзүүлэх, хуулийн этгээд байгуулах хүсэлтийг цахимаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхээр болжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу