17 км зам туулж гэртээ ирсэн ноход цахимд шуугиан дэгдээлээ

Долоон нохойн гайхалтай аялал олон сая хүнийг татав

Хятадын Чанчүнь хотод алга болсон долоон нохой 17 гаруй километр замыг туулж, эсэн мэнд гэртээ буцаж ирсэн тухай бичлэг цахим орчинд өргөн тархаж, олон нийтийн анхаарлыг татлаа.

Уг бичлэгт алтан ретривер, лабрадор, герман овчарк, пекинес зэрэг өөр өөр үүлдрийн ноход хурдны зам даган хамтдаа явж буй нь харагдсан бөгөөд тэднийг жижиг биетэй корги нохой удирдан чиглүүлж байжээ. Түүнийг орон нутгийн хэвлэлүүд “Dapang” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь хятадаар “том тарган” гэсэн утгатай аж.

Гуравдугаар сарын 15-нд анх нийтлэгдсэн энэхүү бичлэг богино хугацаанд цахим орчинд хурдацтай тархаж, 230 сая гаруй үзэлт цуглуулсан байна.

Хүйтэн цаг агаар нохдын аюулгүй байдалд санаа зовоов

Тухайн үед шөнийн температур 0 хэмээс доош бууж байсан тул олон хүн нохдын амь нас, эрүүл мэндэд санаа зовниж байжээ. Орон нутгийн амьтан хамгаалах төвийн сайн дурын ажилтан Тон Тон нохдыг эрэн хайх ажлыг зохион байгуулж, ойролцоох тосгонд зар тараах, айлуудаар орж сураглах, тэр ч байтугай дрон ашиглан хайлт хийх зэрэг арга хэмжээ авч ажилласан байна.

Тэрбээр “Цас орж эхлэхэд нохдууд хоолгүй, даарч байгаа байх гэж маш их санаа зовсон” хэмээн ярьжээ.

Эцэст нь ноход эсэн мэнд олджээ

Гуравдугаар сарын 19-нд ноход гэртээ эргэн ирсэн нь батлагдсан байна. Тэдний гурвыг нь нэг эмэгтэй тэжээдэг байсан бөгөөд тэрээр дөрвөн хоногийн турш эрэн хайсны эцэст найдвараа алдах шахсан үед корги Дапан өөрөө гэрт нь орж иржээ.

Үүний дараа бусад нохдыг ойролцоох тосгоны айл түр асарч байсныг тогтоосон байна.

Эхний үед нохдыг хулгайлагдсан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж байсан ч Гирин мужийн эрх баригчид ноход өөрсдөө хол зам туулж явсан болохыг албан ёсоор мэдэгдсэн байна.

17 км зам туулж гэртээ ирсэн ноход цахимд шуугиан дэгдээлээ
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу