2027 онд 16 мянган айлыг 6 хувийн ипотекийн зээлд хамруулна: Урьдчилгаагүй байрны дөрвөн хувилбар танилцуулав

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцжээ. Хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ипотекийн зээл болон урьдчилгаа төлбөргүй шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Ерөнхий сайд Н.Учралын мэдээлснээр одоогоор “Сэлбэ”, “Шархад”, “Солонго I, II” зэрэг төслийн хүрээнд төрийн мэдлийн 3,572 айлын орон сууц баригдаж байгаа аж. Энэ тоо 2027 онд 8,238, 2028 онд 11,246 болж нэмэгдэх бөгөөд 2030 он гэхэд төрийн мэдлийн 40 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Харин хувийн хэвшлийн компаниуд 2026 онд 14,832 айлын орон сууц ашиглалтад оруулах бөгөөд 2030 он гэхэд нийт 82 мянга гаруй айлын орон сууц барих тооцоотой байна.

Ерөнхий сайд Н.Учрал:

“Өнөөдрийн байдлаар “Сэлбэ”, “Шархад”, “Солонго I, II” хороолол зэрэг төрийн мэдэлд 3,572 айлын орон сууц баригдаж байгаа. Ирэх 2027 онд 8,238, 2028 онд 11,246 гэх мэтээр нэмэгдэнэ. 2030 онд 40,000 айлын орон сууц ашиглалтад орно. Хувийн компаниудын 14,832 айлын орон сууц энэ 2026 онд ашиглалтад орно. 2030 он гэхэд 82,000 гаруй айлын орон сууц барина.

“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэж байна. 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна.

Төрийн мэдлийн 40,000 орон сууцанд урьдчилгаа төлбөргүй. 45 м.кв, хоёр өрөө орон сууцаар жишээ авъя. Дөрвөн сонголт байна.

  • Нэгдүгээрт, түрээсийн орон сууц. Сарын түрээс 700,000 төгрөг байна.
  • Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр байна. Түрээст сард 700,000 төгрөг төлнө. Өмчлөлдөө 720,000 төгрөг төлнө. Сард 1,420, 000 төгрөг болно. Түрээсийн байр, түрээслээд өмчлөх орон сууц аль аль нь урьдчилгаа төлбөргүй гэдгийг дахин онцлон хэлье.
  • Гуравдугаарт, түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлийн хэлбэр байна. Та 30 хувийн урьдчилгаа төлбөр цуглуулах хэрэггүй. Түрээсийн төлбөр дээрээ нэмээд сар бүр 860,000 төгрөгийг таван жилийн туршид төлөөд, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой.
  • Дөрөвдүгээрт, хамтын өмчлөл гэдэг шинэ хэлбэр. Орон сууцны ордер гэрчилгээнд банк, НОСК хамтран өмчилнө гэсэн үг. Орон сууцны тань 50 хувийг түрээс, эсвэл түрээслээд өмчлөхөд тооцно. Үлдсэн 50 хувьд нь зээл авна гэсэн үг юм. Урьдчилгаа төлбөрийн босго хоёр дахин намсана. Зээл, хүүгийн төлбөр ч тал хувиар багасна гэсэн үг.

Төрийн мэдлийн 40,000 орон сууцны талаас илүүд гэр хорооллын айл өрх орно. Газрыг нь үнэлж, төлбөрт нь тооцно.

Хувийн компаниудын барих 60,000 орон сууцанд зургаан хувийн зээлд хамруулна. Анх удаа орон сууцтай болох айл өрхөд зориулна. 39,000 айлыг зургаан хувийн зээлд хамруулна. 21,000 айлыг эхний гурван жилд нь зургаа хувь, үлдсэн 17 жилд 12 хувийн зээлд хамруулах зэрэг сонголттой. Хотын бүс, байршлаас хамаарч, хүн амын төвлөрөл, ачаалал, түгжрэлийг давхар тооцсон хүү, нөхцөл нь өөр өөр байхаар төлөвлөлөө” гэв.

Төрийн 40 мянган байрны талаас илүүг гэр хорооллын өрхөд олгоно

Хөтөлбөрийн нэг гол чиглэл нь гэр хорооллын айлуудыг орон сууцжуулахтай холбоотой байна. Төрийн мэдлийн 40 мянган орон сууцны талаас илүүд гэр хорооллын өрхүүдийг хамруулах бөгөөд тухайн айлын газрыг үнэлж, орон сууцны төлбөрийн тодорхой хэсэгт тооцохоор төлөвлөжээ.

Мөн хувийн хэвшлийн барих 60 мянган орон сууцыг ипотекийн зургаан хувийн зээлийн тогтолцоотой уялдуулахаар байна. Үүнээс 39 мянган айлыг зургаан хувийн тогтмол хүүтэй зээлд хамруулах бол 21 мянган айлд эхний гурван жил зургаан хувь, дараагийн 17 жилд 12 хувийн хүүтэй нөхцөл санал болгохоор төлөвлөсөн байна.

Эдгээр зээлийн нөхцөл нэг ижил биш байх бөгөөд хотын аль бүсэд байрлаж байгаагаас шалтгаалан хүү, шалгуурыг ялгаатай тогтоохоор тооцжээ. Ингэхдээ хүн амын төвлөрөл, авто замын ачаалал, түгжрэл зэрэг хүчин зүйлийг давхар харгалзан үзэх юм.

Засгийн газрын төлөвлөгөөгөөр 2027 онд нийт 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцтай болгох бөгөөд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна гэж мэдэгдсэн байна.

Ийнхүү шинэ хөтөлбөрийн хүрээнд ипотекийн уламжлалт зээлээс гадна түрээс, түрээслээд өмчлөх, урьдчилгааг хугацаанд нь бүрдүүлэх болон банк, НОСК-той хамтран өмчлөх зэрэг хэд хэдэн хувилбарыг зэрэг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу