ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх АИ-92 автобензиний татан авалт үргэлжилж байна. Есдүгээр сарын 1-3-ны хооронд нийт 120 вагоноор 7200 тонн АИ-92 бензин оруулж иржээ.
Импортолсон шатахууныг нийслэл болон орон нутгийн агуулах, шатахуун түгээх станцуудад хуваарилан хүргэж байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлсэн байна.
28 вагоноор 1672 тонн бензин хуваарилжээ
АМГТГ-аас Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт болон Улаанбаатар өртөө рүү нийт 28 вагоноор 1672 тонн АИ-92 бензин илгээжээ.
Ингэснээр ОХУ-аас татан авч буй шатахууныг төвлөрсөн өртөөнүүдээр дамжуулан нийслэл болон орон нутгийн хэрэглээнд хүргэх ажил үргэлжилж байна.
Нийслэлийн 93 ШТС-д 976 тонн бензин хүргэв
Есдүгээр сарын 2-ны байдлаар Улаанбаатар хотын 93 шатахуун түгээх станц руу нийт 976 тонн АИ-92 бензин ачжээ.
Мөн орон нутгийн 54 шатахуун түгээх станцад 634 тонн АИ-92 бензин хуваарилан хүргүүлсэн байна.
Ийнхүү есдүгээр сарын эхний гурван хоногт ОХУ-аас 7200 тонн АИ-92 бензин импортолж, нийслэл болон орон нутгийн шатахуун түгээх станцуудад нийлүүлэлтийг үе шаттайгаар хийж байна.