Айчи-Нагоя 2026 албан ёсоор эхэллээ: Сагсан бөмбөгийн тэмцээн нээлтээс 9 хоногийн өмнө гараагаа авав

Японы Айчи мужийн Нагоя хотод болох XX удаагийн Азийн наадам есдүгээр сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийх ч тэмцээний зарим төрөл үүнээс өмнө эхэлжээ. Тодруулбал, эрэгтэй сагсан бөмбөгийн хэсгийн тоглолтууд есдүгээр сарын 10-наас эхэлж, “B” хэсгийн Иран, Катарын шигшээ багууд хамгийн эхний тоглолтыг хийсэн байна.

Ингэснээр Азийн наадмын үндсэн нээлтийн ёслолоос ес хоногийн өмнө спортын албан ёсны өрсөлдөөн эхэллээ.

Эрэгтэй сагсан бөмбөгт 12 баг өрсөлдөнө

Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд Азийн чансааны шилдэг 12 баг гурван хэсэгт хуваагдан хүч үзэж байна.

  • “A” хэсэг: Япон, БНСУ, Саудын Араб, Индонез
  • “B” хэсэг: Катар, Иран, Йордан, Тайвань
  • “C” хэсэг: БНХАУ, Филиппин, Бахрейн, Казахстан

Хэсгийн тоглолтуудын дараа хамгийн тааруу амжилттай дөрвөн баг тэмцээнээ өндөрлүүлэх бөгөөд үлдсэн найман баг шөвгийн наймд шалгарч, хасагдах журмаар өрсөлдөх юм.

Катар эхний тоглолтдоо Ираныг буулган авлаа

Эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээний эхний тоглолт “B” хэсэгт Иран болон Катарын хооронд болсон байна.

Катарын шигшээ эхний хагаст өрсөлдөгчөөсөө 10 онооны давуу байдал үүсгэж, тэргүүллээ тоглолтын төгсгөл хүртэл хадгалжээ. Улмаар 59:53 харьцаатай ялалт байгуулж, хэсгийн шатны эхний хожлоо авсан байна.

Эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээн есдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжлэхээр товлогджээ.

БНХАУ Азийн наадмын сагсан бөмбөгт хамгийн олон түрүүлсэн

Азийн наадмын эрэгтэй сагсан бөмбөгийн түүхэн амжилтаар БНХАУ-ын шигшээ хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Хятадын баг нийт найман алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бол Филиппин таван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай. Харин БНСУ дөрвөн алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ.

Израилийн шигшээ хоёр алт, нэг мөнгөн медальтай бол Япон хоёр мөнгө, зургаан хүрэл, Иран хоёр мөнгө, гурван хүрэл, Тайвань хоёр мөнгөн медальтай байна.

Йордан, Катар, Тайланд тус бүр нэг мөнгөн медаль хүртэж байсан бол Казахстан болон БНАСАУ тус бүр нэг хүрэл медальтай аж.

Ийнхүү Айчи-Нагоя 2026 Азийн наадмын нээлтийн ёслол болоогүй ч сагсан бөмбөгийн тэмцээн аль хэдийн эхэлж, медалийн төлөөх өрсөлдөөн эрчимжиж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу