Аяллын хөлөг дээр зорчигч нас барсны дараа 1700 гаруй хүнийг тусгаарлажээ

Францын Бордоо далайн боомтод зогсож буй “Ambition” аяллын хөлөг онгоцны 1200 гаруй зорчигч болон багийн 500 гаруй гишүүнийг хөлөг дээр нь тусгаарлаад байна.

Норовирусийн шинж тэмдэг илэрсний дараа арга хэмжээ авчээ

Хөлөг дээр норовирусийн шинж тэмдэгтэй байсан 90 настай зорчигч нас барсны дараа ийм шийдвэр гаргасан байна. Норовирус нь гастроэнтерит буюу ходоод, гэдэсний өндөр халдварт өвчин бөгөөд ихэвчлэн бөөлжих, суулгах шинж тэмдгээр илэрдэг аж.

“Ambassador Cruise Line” компанийн мэдээлснээр, нас барсан зорчигчид өмнө нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан бөгөөд үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн шинжилгээгээр хараахан тогтоогоогүй байна.

Францын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, хөлөг дээр байгаа 50 орчим хүнд норовирусийн шинж тэмдэг илэрчээ.

Халдвар Ливерпулээс гарсны дараа ажиглагдаж эхэлсэн байна

“Ambassador Cruise Line” компанийн уг хөлөг мягмар гарагт Бордоо боомтод ирэх үед зорчигч нас барсан байжээ. “Ambition” хөлөг тавдугаар сарын 6-нд Шотландын арлуудаас аяллаа эхлүүлж, Белфаст болон Ливерпулээр дайран явсан байна. Бордогоос цааш Испани руу хүрэхээр төлөвлөж байжээ.

Хөлөг дээрх зорчигчдын дунд норовирусийн халдварын шинж тэмдэг Ливерпулээс хөдөлсний дараа илэрч эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 11-нд Брестэд байх үед өвчлөлийн тоо хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. AFP агентлагийн мэдээлснээр, зорчигчдын ихэнх нь Их Британи болон Ирландын иргэд аж.

Түргэвчилсэн тестийн хариу сөрөг гарсан бөгөөд Бордогийн лабораторид нэмэлт шинжилгээ хийж байна. Францын Эрүүл мэндийн яам хүнсний бүтээгдэхүүнээс үүдэлтэй хордлогын шинж тэмдгийг үгүйсгэхгүй байгаа юм.

Харин Францын эрх баригчид энэ тохиолдол “MV Hondius” хөлөг дээр бүртгэгдсэн хантавирусийн халдвартай холбоогүй гэж мэдэгджээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу