БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён 15 жилийн дараа Монголд төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр болжээ.

15 жилийн дараах төрийн айлчлал

Энэхүү айлчлал нь БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд Монгол Улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Талууд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах, мөн олон улс болон бүс нутгийн түвшний хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна

Төрийн айлчлалын үеэр хоёр тал харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой Засгийн газар болон байгууллага хоорондын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Эдгээр баримт бичиг нь Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээг тэлэх, стратегийн түншлэлийн бодит үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэх юм.

Наадмын нээлтэд хүндэт зочноор оролцоно

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён болон түүний гэргий Ким Хе Гён нар Монгол Улсын Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.

Ингэснээр уг айлчлал улс төр, дипломат харилцаанаас гадна хоёр орны ард түмний соёлын харилцаа, найрамдлыг илэрхийлэх чухал үйл явдал болох юм.

Монгол, БНСУ-ын харилцааны шаталсан хөгжил

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын харилцаа өнгөрсөн жилүүдэд дараах байдлаар үе шаттайгаар өргөжин хөгжсөн байна.

  • 2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
  • 2011 онд “Иж бүрэн түншлэл”
  • 2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Дипломат харилцаа 1990 онд эхэлсэн

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны гуравдугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Үүний дараа БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн бол Монгол Улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа байгуулсан юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу