Азийн боксын шилдэг тамирчдыг нэгтгэдэг Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын “Аса” аренад албан ёсоор нээлтээ хийлээ.
Энэ удаагийн тэмцээнд Азийн 25 орны 230 гаруй тамирчин оролцож, тивийн аваргын төлөө ур чадвар, хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж байна.
Нээлтийн ёслолд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Азийн боксын холбооны Ерөнхийлөгч Пичай Чунхаважра, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Х.Нямбаатар, Монголын боксын холбооны Ерөнхийлөгч М.Баянмөнх болон гадаад, дотоодын олон зочин төлөөлөгч оролцсон байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, 1963 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн энэ нэр хүндтэй тэмцээн Монгол Улсад болж байгаад баяртай байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Монголын баг тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 20 гаруй алт, 30 гаруй мөнгө, 60 гаруй хүрэл медаль хүртсэн амжилтыг онцолж, энэ нь олон жилийн хөдөлмөр, хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг тэмдэглэсэн байна. Мөн Монгол Улсын Засгийн газар спорт, ялангуяа олимпын төрлийн спортыг дэмжих, олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах, залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг онцоллоо.
Мөн Азийн боксын холбооны Ерөнхийлөгч Пичай Чунхаважра, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар нээлтийн үеэр үг хэлж, оролцогч тамирчдад амжилт хүсжээ.
Энэ удаагийн нээлтийн ажиллагаа Монголын түүх, соёлын өв, орчин үеийн хөгжлийг хослуулсан тусгай найруулгатай болж өнгөрснөөрөө онцлог байв. Ёслолын эхэнд морьт цэргийн жагсаал “Аса” аренад хүндэтгэлтэйгээр орж ирсэн бөгөөд үүний дараа 22 улсын баг тамирчид төрийн далбаагаа мандуулан парадаар алхжээ.
Урлагийн тоглолтыг “Анир” поп оркестр “Эзэнт гүрэн” хөгжмийн бүтээлээр эхлүүлсэн бол “Хатан чуулга”-ын бүжигчид “Монгол аялгуу – Монгол хатан” бүжгийг дэглэн толилуулжээ. Мөн “The HU” хамтлаг тайзнаа гарч уран бүтээлээ хүргэсэн бөгөөд дуу, бөмбөр, гэрлийн тусгай эффект бүхий үзүүлбэрүүд нь тэмцээний уур амьсгалыг улам өргөсөн байна.
Бокс нь залуу үеийг сахилга бат, тэсвэр хатуужилд сургахаас гадна улс орнуудын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй спортын төрөл гэж үздэг. Иймээс энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн нь зөвхөн спортын өрсөлдөөн төдийгүй бүс нутгийн спортын дипломат харилцааг гүнзгийрүүлэх чухал индэр болж байна.