-25.9 C
Ulaanbaatar
Мягмар, 2 сар 10, 2026

Ц.Цогтбаатар бэртлийн дараах гайхалтай эргэн ирэлтээр 7 дахь түрүүгээ авлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хэнтийд болсон улсын аваргад домогт жүдоч дахин ноёрхлоо

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 49 дэх, эмэгтэйчүүдийн 34 дэх удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 23-25-нд Хэнтий аймгийн Чингис хотод болж, шилдэг жүдочид эр бяр, ур чадвараа сорилоо. Энэ удаагийн тэмцээнд туршлагатай аваргууд амжилтаа ахиулж, дөнгөж 18 настай залуус насанд хүрэгчдийн анхны алтан медалиа зүүж, шинэ үеийн хүчтэй давалгаа мэдрэгдэв.

“Токио 2020” олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар хоёр гаруй жилийн өмнө бэлтгэлийн үеэр хүнд бэртэл авч, олон тэмцээнээс завсарлаад байсан. Харин Чингис хотын дэвжээнд тэр -73 кг-ын жинд зодоглож, улсын аваргын долоо дахь алтан медалиа хүртэн, эргэн ирэлтээ албан ёсоор зарлалаа.

Уран, довтлох хэв маягтай барилдаанаар нь дэндүү дассан үзэгчид бэртлийнх нь дараах формыг нь тээнэгэлзэн хүлээж байсан ч Ц.Цогтбаатар өөрийн сүр хүч, цог жавхааг дахин харуулж, “дараагийн олимпын аварга” гэх найдвар дахуум баталгаажсан харагдав.

Тэрээр тэмцээнийхээ талаар хэлэхдээ:
“Баяртай байна. Бэртлийн улмаас бэлтгэл сургуулилалтаасаа хөндийрч байгаад эргэн эрэлтээрээ Монгол Улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Сэтгэл хангалуун байна. Дүү нарын бэлтгэл сургуулилалт, авьяас чадвар сайжирсан байна. Тиймээс олон жил сайхан өрсөлдөхийн тулд бэлтгэлээ сайжруулах хэрэгтэй гэж бодож байна. -73 кг дэлхийн дундаж жин гэдэг утгаараа өрсөлдөгч ихтэй байдаг. Бэртэлтэй байх хугацаанд олон хүнд хэцүү зүйлийг сэтгэл зүйгээрээ даван туулсан. Энэ нь тамирчин хүний нэг давуу тал юм болов уу. Их зүйлийг суралцаж байна. Цаашид ч мөн суралцсаар байх болно” гэв.

Түүний барилдааныг үзсэн нэгэн жүдогийн хорхойтон:
“Ц.Цогтбаатарыг хар багаасаа барилдаж эхлэх үеэс нь тэмцээн бүрийг нь үзэж байна. Маш зоригтой, хурд хүчний хослол сайтай, энгэрийг тун сайн барьж алдалгүй чанга атгадаг. Шийдэмгий, өөртөө итгэлтэй, барилдааны төгсгөлийг сайн хийдэг тул ирээдүйн олимпын аварга гэж хардаг. 2028 оны олимп ойрхон байна даа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан нь түүний эргэн ирэлтэд олон нийт ямар өндөр хүлээлт тавьж байгааг илтгэв.

Шинэ аваргууд төрж, залуу үе хүчтэй гарч ирлээ

2026 оны насанд хүрэгчдийн улсын аваргаас нийт зургаан шинэ аварга төрж, тэмцээний “шилдэг жүдоч”-оор -66 кг-ын жинд түрүүлсэн К.Ёолк, -78 кг-ын жинд түрүүлсэн Ж.Урангоо нарыг нэрлэв.

Энэ жилээс эхлэн Монгол Улсын 11 удаагийн аварга, Азийн хошой аварга, Азийн наадмын хүрэл медальт, Гран-пригийн гурван удаагийн түрүүтэй, олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгд өөрийн барилдаж байсан -78 кг-ын жинд түрүүлсэн тамирчинд нэрэмжит шагнал гардуулах болж, анхны шагналын эзнээр “Орхон ирээдүйн одод” дэвжээний залуу жүдоч Ж.Урангоо тодорлоо.

Залуу тамирчдын амжилтаас дурдвал:

  • Өсвөрийн дэлхийн аварга, Азийн аваргын мөнгөн медальт Т.Ариунзаяа -57 кг-д насанд хүрэгчдийн улсын аваргын анхны алтан медалиа хүртэж, өнгөрсөн жилийн мөнгөн медалиа алтаар сольлоо. Жүдо сонирхогчид түүнийг “дахиад 10 жил дэлхийн дэвжээнд торсон хэвээр байх тамирчин” хэмээн онцолж байна.
  • Түүнтэй ижил цаг үед тодорч яваа, нас чацуу тамирчин Ж.Анударь -48 кг-ын жинд хоёр дахь жилдээ дараалан аварга болж, өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медаль, Азийн аваргын түрүүгээ бататгав.

Ж.Анударь “Хамгийн хөнгөн жин гэдэг утгаараа тамирчид нь хурд хүчтэй, тэсрэлттэй барилдаануудыг үзүүлдэг. Жил бүр шинэ тамирчид гарч ирдэг болохоор өрсөлдөөнтэй байдаг. Энэ удаагийн финалын барилдаан хүнд байлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн. Түүний финалын өрсөлдөгч нь “Resfect” клубийн жүдоч, 15 насандаа Улаанбаатар их дуулгаас хүрэл медаль авч анхдагчдын нэгээр тодорч байсан А.Мишээл байв.

Шигшээ багийн сонголт, Ази тивийн аваргын баг эндээс тодорлоо

Улсын аваргын үеэр үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид бүгд ирж, ирээдүйтэй тамирчдыг анхааралтай ажиглалаа. Учир нь энэ тэмцээн нь:

  • Ази тивийн аваргад оролцох багийг бүрдүүлэх
  • ойрын хугацаанд болох Парисын их дуулгын өмнөх сорил, шалгуур

байж байгаа юм.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар:
“Шигшээ баг 36 тамирчны квоттой байдаг. Түүн дээр эмч, дасгалжуулагч нэмэгдээд 42 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Мөн Ази тивийн аваргад орох багийг эндээс тодруулж байгаа. Тун удахгүй Парисын их дуулга болно. Энэ удаагийн улсын аварга их дуулгын өмнөх сорил болж буйгаараа онцлог байна” гэж тэмцээний ач холбогдлыг тайлбарлав.

33 байгууллагын 320 орчим жүдоч оролцсон энэ удаагийн УАШТ эрэгтэй, эмэгтэй нийт 14 жингийн ангиллаар явагдаж, улс даяарх жүдогийн хөгжлийг жигд түвшинд дэмжих, шигшээ багийг шинэчлэх зорилготой зохион байгуулагдлаа.

Багийн дүнгээр Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо:

  • 5 алт
  • 2 мөнгө
  • 4 хүрэл

медаль хүртэж, нэгдүгээр байрт эрэмбэлэгдэв. Холимог багийн улсын аваргад 80 жилийн түүхтэй “Алдар” спорт хороо түрүүлж, аваргаа хамгаалахаар зорьж байсан “Хилчин” хоёрдугаар байр эзэлсэн бол “Сүлд”, “Женко” багууд хүрэл медаль хүртлээ.

2026 оны насанд хүрэгчдийн улсын аваргын жингийн аваргууд

Эрэгтэйчүүд

  • -60 кг: Т.Түмэнжаргал
  • -66 кг: К.Ёолк
  • -73 кг: Ц.Цогтбаатар
  • -81 кг: О.Шинэбаяр
  • -90 кг: А.Мөнх-Эрдэнэ
  • -100 кг: Ц.Ган-Эрдэнэ
  • +100 кг: Б.Гончигсүрэн

Эмэгтэйчүүд

  • -48 кг: Ж.Анударь
  • -52 кг: М.Нандин-Эрдэнэ
  • -57 кг: Т.Ариунзаяа
  • -63 кг: Л.Энхрийлэн
  • -70 кг: С.Лхагвадулам
  • -78 кг: Ж.Урангоо
  • +78 кг: А.Адъяасүрэн

Ийнхүү Ц.Цогтбаатарын бэртлийн дараах эргэн ирэлт, шинэ залуу аваргуудын хүчтэй гарц, шигшээ багийн өрсөлдөөн улсын аваргыг 2028 оны олимпын өмнөх том дохио болгож байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу