70 дахь удаагийн уралдаан оюу өнгийн хивсээр эхлэв
Европын хамгийн том дууны уралдаан болох “Eurovision-2026” тавдугаар сарын 10-ны ням гаргийн орой Австрийн нийслэл Вена хотод албан ёсоор эхэллээ.
Энэ удаа тэмцээн 70 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогчид 170 метр урт оюу өнгийн хивсэн дээгүүр алхаж, нээлтийн ёслолын талбайд хүрэлцэн ирсэн байна.
Хивсийг Вена хотын Бургтеатр-аас Ратуша буюу хотын захиргааны ордон хүртэл засжээ. Ёслолын талбайд оролцогчдыг Вена хотын дарга Михаэль Людвиг болон тэмцээний зохион байгуулагчид угтан авчээ.
Израилын оролцоотой холбоотой маргаан үргэлжилж байна
Энэ жилийн “Eurovision” бэлтгэлийн шатнаасаа эхлэн улс төрийн хурц маргаантай нүүр тулсан. Нидерланд, Ирланд, Исланд, Испани, Словени зэрэг таван улсын телевизийн байгууллага Израилыг уралдаанд оролцуулж буйг эсэргүүцэн бойкот зарласан юм.
Гэсэн хэдий ч Израилын төлөөлөгч Ноам Беттан нээлтийн үеэр оюу хивсэн дээгүүр алхахад томоохон эсэргүүцэл гараагүй байна. Ёслолын өмнөх болон тухайн өдөр цөөн тооны жагсаал болсон ч тэдгээр нь нээлтийн талбайгаас өөр байршилд өрнөжээ.
Жагсагчид Газын зурваст болж буй цэргийн ажиллагааны улмаас Израилыг тэмцээнээс хасах ёстой гэж шаардсан байна.
Аюулгүй байдлыг өндөр түвшинд хангажээ
Вена хотод Израилын төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд тусгай арга хэмжээнүүд авчээ. Австрийн тал болзошгүй кибер халдлагаас сэргийлэх зорилгоор АНУ-ын Холбооны мөрдөх товчоотой хамтран ажиллаж байгаа гэж мэдээлсэн байна.
Хэдийгээр уралдааны эргэн тойронд улс төрийн маргаан байсан ч нээлтийн арга хэмжээ тайван уур амьсгалтай болж өнгөрчээ. Оролцогчдыг гарч ирэх бүрд үзэгчид “Eurovision”-ы аялгуунд ухаалаг утсаа өргөн угтаж байв.
Финал тавдугаар сарын 16-нд болно
Нээлтийн ёслол нь бүх оролцогч нэг дор цуглардаг цорын ганц арга хэмжээ юм. Харин тэмцээний үндсэн өрсөлдөөн тавдугаар сарын 12 болон 14-нд болох хоёр хагас финалаар үргэлжилнэ.
Эдгээр шатны дараа зарим оролцогч тэмцээнээ өндөрлүүлж, тавдугаар сарын 16-ны бямба гарагт Wiener Stadthalle-д болох финалд 25 оролцогч шалгарч үлдэх юм. Энэ жил нийт 35 оролцогч бүртгүүлжээ.
Хар, улаан өнгө давамгайлсан нээлт болов
“Eurovision”-ы нээлтийн ёслолыг уралдааны хамгийн гоёмсог арга хэмжээнүүдийн нэг гэж үздэг. Оролцогчид энэ өдөрт зориулан тайзны бус, тусгай ёслолын төрхөө бүрдүүлдэг.
Энэ жилийн хувьд хар болон улаан өнгийн хувцаслалт хамгийн их ажиглагдсан байна.
Түрүүлэх магадлалтай оролцогчдыг нэрлэж эхэлжээ
Финал болохоос долоо хоногийн өмнөх таамгаар Финландын хийлч Линда Лампениус болон дуучин Пете Паркконен нарын хамтарсан үзүүлбэр түрүүлэх хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байна.
Тэдний хүчтэй өрсөлдөгчөөр Грекийн Akylos, Данийн Сёрен Торпегор Лунн, Францын Monroe, Австралийн Дельта Гудрем нар нэрлэгдэжээ.
Украиныг төлөөлж буй LELÉKA хамтлаг эхний аравт багтах боломжтой оролцогчдын тоонд орсон байна. Тус хамтлагийн гишүүд, гоцлол дуучин Виктория Корникова нар Берлин хотод амьдардаг аж.
Германыг энэ жил Сара Энгельс төлөөлөн оролцож байна.