Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярт 5.4 сая төгрөгийн торгууль оногдуулжээ

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Ц.Хосбаярыг шүүхээс зөвшөөрөлгүй эм импортолж, бусдад худалдсан гэм буруутайд тооцлоо.

Түүнийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Testomed E250”, “Stanozon”, “Primomed 100”, “Only for Russian national team” нэртэй эмүүдийг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзжээ. Улмаар 2024-2025 онд нэр бүхий гурван иргэнд эдгээр эмийг “хүч тамир, тэнхээ оруулдаг” гэх нэрээр худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх Ц.Хосбаярыг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг зөвшөөрөлгүй импортолж, бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, 5.4 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Мөн хэрэгт хураагдсан 28 нэр төрлийн эмийг устгах шийдвэр гаргасан байна.

Ц.Хосбаяр өмнө нь хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны хүчний дасгалжуулагчаар ажиллаж байв. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгчээ.

Мөн түүнийг өнгөрсөн жилийн наадмын үзүүр бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт хориотой бодис өгсөн гэх асуудлыг Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Ц.Магалжав өмнө нь “Eagle” телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу