Япон Улсын Айчи мужид үргэлжилж буй Азийн пара спортын наадамд Монголын тамирчид амжилттай оролцож, медалийн тоогоо нэмсээр байна. Өчигдөр Монголын баг алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр жүдо бөхийн төрөлд дахин нэг алтан медаль авлаа.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн J1 ангиллын 70 кг-ын жинд өрсөлдсөн Лхайжавын Туруунаа бүх өрсөлдөгчөө дараалан ялж, Азийн пара наадмын аваргаар тодорсон байна.
Тэрбээр шөвгийн наймд Индонезийн Шимашиг цэвэр ялж, хагас шигшээд БНХАУ-ын Ван Вэн Жинийг вазари үнэлгээгээр буулган авчээ.
Харин алтан медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд талбайн эзэн Японы Нишимүра Ацүмитай хүч үзэж, мөн цэвэр ялалт байгуулснаар аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа.
Ингэснээр Л.Туруунаа J1 ангиллын 70 кг-ын жинд Азийн пара наадмын аварга болж, Монголын багийн медалийн санг дахин нэг алтаар нэмэгдүүлэв.
Тэмцээний жүдо бөхийн төрөлд Монголын бусад тамирчид ч медалийн төлөө өрсөлдөж байна. Эрэгтэйчүүдийн J1 ангиллын -95 кг-ын жинд Дашцэрэнгийн Ганбат, 81 кг-ын жинд Э.Даваадагва нар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болжээ.
Монголын пара тамирчдын амжилт ийнхүү үргэлжилж, Айчи мужид болж буй наадамд баг тамирчид медалийн тоогоо нэмэх боломж хэвээр байна.