Монгол Улсад цахилгаан автомашины дэд бүтцийг шинэ шатанд гаргах томоохон төсөл хэрэгжиж эхэллээ. Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилга болон “Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд “MMS LLC”, “MMS Engineering LLC” компаниуд Монголын анхны LEED гэрчилгээтэй цахилгаан автомашин цэнэглэх станц бүхий “Nexus EV Station” төслийг танилцуулжээ.
Төслийн гол зорилго нь нийслэл болон орон нутгийн иргэдэд байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлэхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины дэд бүтцийг улс даяар өргөжүүлэхэд чиглэж байна.
Улсын хэмжээнд 111 байршилд цэнэглэх цогцолбор байгуулна
“Nexus EV Station” төслийн хүрээнд Монгол орны төв суурин газрууд, эдийн засгийн гол коридор, аялал жуулчлалын үндсэн авто зам, уул уурхайн бүс болон хилийн боомтуудыг хамарсан нийт 111 байршилд цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.
Үүнээс:
- 83 цэгийг орон нутагт
- 28 цэгийг Улаанбаатар хотын бүсэд
байгуулахаар тооцсон байна.
Эдгээр цогцолбор нь зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамаарахгүйгээр ажиллах боломжтой байхаар төлөвлөгджээ. Нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээр цахилгаан үйлдвэрлэж, үүнийг батарей хуримтлуурт хадгалан шаардлагатай үед ашиглах шийдэл нэвтрүүлэх юм.
Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг алслагдсан болон орон нутгийн бүсэд ч цэнэглэх боломж нэмэгдэж, цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болох нөхцөл бүрдэх аж.
Анхны жишиг станц Тасганы овоонд баригдлаа
Үндэсний хэмжээний төслийн эхний жишиг бүтээн байгуулалт болох “Nexus EV Station-Тасган” нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Тасганы овоонд ашиглалтад ороход бэлэн болжээ.
Тус станцыг 6,650 ам метр талбайд байгуулсан бөгөөд олон улсын ногоон барилгын LEED Gold стандартын шаардлагад нийцсэн ногоон байгууламжийн шийдлийг хэрэгжүүлсэн байна.
Цэнэглэх станц нь зөвхөн автомашинд эрчим хүч өгөх зориулалттай бус, жолооч болон зорчигчдод шаардлагатай олон төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн цогц байгууламж гэдгээрээ онцлог аж.
24 цагийн үйлчилгээ, амрах хэсгийг нэг дор шийджээ
“Nexus EV Station-Тасган” төсөлд сэргээгдэх эрчим хүчний бие даасан эх үүсвэр, батарей хуримтлуур болон өндөр хүчин чадлын цахилгаан автомашины цэнэглэгчээс гадна хэрэглэгчдийн тав тухыг хангах хэд хэдэн үйлчилгээ багтжээ.
Тухайлбал 24 цагийн ая тухын дэлгүүр, ариун цэврийн өрөө, автомат худалдааны төхөөрөмж, хоол хүнс, уух зүйлс, эмийн сан болон жолооч нарт зориулсан түр амрах хэсгийг нэг дор төлөвлөсөн байна.
Ингэснээр цэнэглэлт хүлээх хугацаанд жолооч, зорчигчид шаардлагатай үйлчилгээгээ авах боломжтой болж байгаа юм.
Тасганы станц 720 киловаттын цэнэглэх хүчин чадалтай
Тасган дахь станцын эрчим хүчний дэд бүтэц дараах хүчин чадалтай байна.
- 410 киловаттын суурилагдсан хүчин чадалтай нарны хавтан
- 300 киловаттын инвертерийн систем
- 430 киловатт-цагийн батарей хуримтлуур
- Нийт 720 киловаттын хүчин чадалтай дөрвөн цэнэглэх хошуу
Эдгээр төхөөрөмжийн тусламжтайгаар станц сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, хуримтлуулах болон цахилгаан автомашинд өндөр хурдаар дамжуулах боломжтой болжээ.
Жилд 635 мянга гаруй киловатт-цаг эрчим хүч үйлдвэрлэнэ
Төслийн тооцоолсноор “Nexus EV Station-Тасган” нь жилд ойролцоогоор 635,500 киловатт-цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой аж.
Үүний үр дүнд жил бүр ойролцоогоор 159,300 литр шатахуун хэмнэх боломж бүрдэхээр тооцжээ.
Мөн төслийн байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг 7,200 мод жил бүр тарьсантай дүйцэхүйц хэмжээний эерэг нөлөөтэй гэж тооцсон байна.
Ногоон дэд бүтцийн шинэ сүлжээ бий болох төлөвтэй
“Nexus EV Station” төсөл нь зөвхөн цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэхгүй. Байгаль орчин, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал болон орон нутгийн хөгжлийн асуудлуудыг уялдуулан шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.
Тасганы овоонд эхэлсэн анхны станц нь цаашдаа Монгол орныг бүхэлд нь холбосон цахилгаан автомашины болон сэргээгдэх эрчим хүчний цэнэглэх сүлжээний эхлэл болох зорилготой юм.
Ийнхүү 111 байршлыг хамарсан “Nexus EV Station” төсөл хэрэгжсэнээр нийслэлээс гадна орон нутаг, аялал жуулчлалын бүс, уул уурхайн чиглэл болон хилийн боомтуудад цахилгаан автомашин ашиглах боломж мэдэгдэхүйц нэмэгдэхээр байна.