Монголыг зорих жуулчдын тоо огцом өсөв: Найман сард 700 мянгыг давжээ

Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо энэ онд мэдэгдэхүйц нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байна.

Статистикийн мэдээллээр 2026 оны эхний найман сарын хугацаанд Монгол Улсад нийт 705,098 жуулчин иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 106,896 хүнээр буюу 17.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

ОХУ, БНХАУ, БНСУ-аас хамгийн олон жуулчин иржээ

2026 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд Монгол Улсад ирсэн жуулчдыг улс орноор нь авч үзвэл:

  • ОХУ-аас 239,134
  • БНХАУ-аас 171,497
  • БНСУ-аас 128,589
  • Японоос 30,417
  • Казахстанаас 16,870 жуулчин тус тус ирсэн байна.

Эдгээр тооноос харахад хөрш орнууд болон Зүүн Азийн зах зээл Монголын аялал жуулчлалын гол урсгалыг бүрдүүлсэн хэвээр байна.

Монгол Улс аялал жуулчлалын зарцуулалтын өсөлтөөр дээгүүр эрэмбэлэгджээ

Мөн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд дурдсанаар Монгол Улс 2026 оны эхний хагас жилийн байдлаар аялал жуулчлалын зарцуулалтын өсөлтөөр хамгийн сайн үзүүлэлттэй зах зээлүүдийн нэг болжээ.

Тодруулбал, аялал жуулчлалын зарцуулалтын хэмжээ 29 хувиар нэмэгдсэнээр Монгол Улс уг үзүүлэлтээр дэлхийд хоёрдугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

Ийнхүү жуулчдын тоо болон аялал жуулчлалын зарцуулалт зэрэгцэн өсөж байгаа нь Монголын аялал жуулчлалын салбарын идэвхжил үргэлжилж байгааг харуулж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу