Япон улсын Айчи мужийн Нагоя хотод Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Албан ёсны нээлтийн ажиллагаа ням гарагт болох ч зарим төрлийн урьдчилсан шатны тоглолтууд маргаашаас эхлэх гэж байна.
Тэмцээний эхний өдөр пара бадминтон, хөлбөмбөг, ширээний теннис болон тэргэнцэртэй сагсан бөмбөгийн хэсгийн урьдчилсан шатны тоглолтууд явагдах хуваарьтай.
Монгол Улсаас энэ удаагийн наадамд спортын 10 төрөлд нийт 44 тамирчин өрсөлдөнө. Манай багийн эхний хэсэг өнөөдөр Нагоя хотыг зорьжээ.
Монголын тамирчдын өрсөлдөөн ширээний теннисээр эхэлнэ
Монголын багийн хувьд тэмцээний салхийг пара ширээний теннисний тамирчид хагална. Тус төрөлд П.Мягмарцогт, Б.Өлзийжаргал нар дасгалжуулагч С.Галбадрахын удирдлага дор өрсөлдөх юм.
Ийнхүү Монголын тамирчдын тоглолт албан ёсны нээлтээс өмнө эхэлж байгаа бөгөөд бусад спортын төрлийн тамирчид ч дараагийн өдрүүдэд тэмцээнээ үргэлжлүүлнэ.
“Айчи-Нагоя” Азийн зуны спортын пара наадмын албан ёсны нээлтийн ажиллагаа ням гарагт болно. Харин ирэх даваа гарагаас эхлэн медалийн төлөөх шийдвэрлэх өрсөлдөөнүүд өрнөж, эхний медальтнууд тодорч эхлэх юм.
Энэ удаагийн наадамд 10 төрлөөр хүч сорих Монголын 44 тамирчны хувьд Азийн шилдгүүдтэй өрсөлдөж, эх орныхоо медалийн санг нэмэгдүүлэх чухал тэмцээн ийнхүү эхлэхэд бэлэн болжээ.