Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид Азийн наадамд дөрөв дэх удаагаа хүч үзнэ

Японы Айчи муж, Нагояа хотод болох Азийн зуны спортын XX наадмын сагсан бөмбөгийн тэмцээн есдүгээр сарын 10-наас эхэлж байна. Энэ удаагийн тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ оролцохгүй ч эмэгтэйчүүдийн баг Азийн наадмын талбайд дөрөв дэх удаагаа гарахаар бэлтгэлээ хангажээ.

Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлж, нийт 10 хоногийн турш “Айчи” олон улсын аренад үргэлжилнэ. Харин Монголын эрэгтэй шигшээ баг чансааны шаардлагатай оноонд хүрээгүй тул “Айчи-Нагояа 2026”-г өнжихөөр болсон байна.

Эмэгтэй шигшээ есдүгээр сарын 15-нд Японыг зорино

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн есдүгээр сарын 17-нд эхлэх бөгөөд Монголын шигшээ баг үүнээс хоёр хоногийн өмнө буюу есдүгээр сарын 15-нд Япон улсыг зорихоор бэлтгэж байна.

Монголын баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын “C” хэсэгт БНСУ, Хятадын Тайвань, Малайзын шигшээтэй нэг хэсэгт багтжээ.

Тэдний хэсгийн тоглолтын хуваарь:

  • 9-р сарын 18 — Хятадын Тайвань, Японы цагаар 13:00, Улаанбаатарын цагаар 12:00
  • 9-р сарын 21 — БНСУ
  • 9-р сарын 22 — Малайз

Эхний тоглолт “Айчи” олон улсын аренад болох бөгөөд Монголын эмэгтэй шигшээ Хятадын Тайванийн багтай өрсөлдөх юм.

Азийн наадамд дөрөв дэх удаагаа оролцоно

Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ өмнө нь “Инчеон-2014”, “Жакарта-2018”, “Ханжоу-2022” Азийн наадамд оролцож байсан.

Ингэснээр “Айчи-Нагояа 2026” нь Монголын эмэгтэй багийн хувьд Азийн наадамд оролцож буй дөрөв дэх тохиолдол болж байна.

Азийн сагсан бөмбөгийн түүхэн лидерүүд

Азийн наадмын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд БНХАУ хамгийн олон буюу найман удаа түрүүлсэн бол Филиппин тав, БНСУ дөрвөн алтан медаль хүртжээ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд БНХАУ долоон удаа аваргалж, БНСУ дөрөв, Япон хоёр удаа алтан медаль хүртсэн түүхтэй.

Ийнхүү Монголын эмэгтэй шигшээ энэ удаа хүчтэй өрсөлдөгчидтэй нэг хэсэгт багтаж, Азийн наадам дахь дөрөв дэх оролцоогоо эхлүүлэх гэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу