Монголын баг хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэв
Энэ сарын 8-10-ны өдрүүдэд Казахстаны Их Дуулга тэмцээн болж өндөрлөлөө. Нийт 36 орны 295 жүдоч өрсөлдсөн тус тэмцээнд Монголын шигшээ баг амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.
Ингэснээр Монголын баг медалийн чансаагаар IV байрт шалгарсан байна.
Тэмцээнд Орос, Францын баг тус бүр гурван алтан медаль хүртсэн бол Казахстан хоёр алт авжээ. Харин Герман, Нидерланд, Узбекистан, Серби улс тус бүр нэг алтан медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Нийт 16 орны тамирчид медаль хүртжээ.
Монголын медальтнууд
| Медаль | Тамирчин | Жин |
|---|---|---|
| Алт | Б.Сүхбат | Эрэгтэй 60 кг |
| Алт | Л.Энхрийлэн | Эмэгтэй 63 кг |
| Мөнгө | Г.Наранцэцэг | Эмэгтэй 48 кг |
| Хүрэл | М.Нандин-Эрдэнэ | Эмэгтэй 52 кг |
| Хүрэл | А.Адьяасүрэн | Эмэгтэй +78 кг |
| Хүрэл | Л.Анхзаяа | Эрэгтэй 73 кг |
Б.Сүхбат анхны Их Дуулгын алтаа хүртлээ
Эрэгтэйчүүдийн 60 кг-д түрүүлсэн Б.Сүхбат анх удаа Их Дуулга ангиллын тэмцээнд алтан медаль хүртлээ. Тэрээр өнгөрсөн жилийн Улаанбаатарын Их Дуулгаас хүрэл медаль авч байсан юм.
Харин Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Их Дуулга ангиллын тэмцээнээс хоёр дахь алтан медалиа хүртэв. Тэрээр өмнө нь 2022 оны Улаанбаатарын Их Дуулгад түрүүлж байсан бөгөөд үүнээс гадна Их Дуулгаас хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ.
Дараагийн Их Дуулга Улаанбаатарт болно
Их Дуулга цувралын дараагийн тэмцээн ирэх зургаадугаар сарын 19-21-ний хооронд Улаанбаатар хотод болно.
Одоогоор тус тэмцээнд 16 орны 104 тамирчин мэдүүлгээ өгөөд байна. Улаанбаатарын Их Дуулгаас “Лос-Анжелес 2028” зуны олимпын оноо олгох цикл эхлэх тул оролцогчдын тоо, чанар эрс нэмэгдэх төлөвтэй байна.
Япон улс аль хэдийн оролцохоо мэдэгдэж, бүрэлдэхүүнээ зарласан бол олимп, дэлхийн олон медальтнуудтай Францын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болжээ.