Нэг удаад 50 мянган төгрөгийн шатахуун борлуулна
Шатахуун түгээх станцуудын оочер, ачааллыг зохицуулах зорилгоор наймдугаар сарын 4-нөөс эхлэн Улаанбаатар хотод шатахуун олголтод түр хязгаарлалт тогтоохоор болжээ.
Тодруулбал, календарийн тэгш, сондгой өдрүүдтэй уялдуулан автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгох зохицуулалт хэрэгжинэ. Мөн нэг удаагийн цэнэглэлтийг 50,000 төгрөгөөр хязгаарлахаар болсон байна.
Саванд шатахуун олгохгүй
Шинэ зохицуулалтын дагуу шатахууныг саванд олгохгүй гэж мэдэгдлээ. Ингэснээр нөөцийг илүү жигд хуваарилах, хиймэл ачаалал үүсэхээс сэргийлэх, иргэдийн шатахуун авах боломжийг тэнцвэртэй байлгах зорилготой аж.
Хязгаарлалт энэ сарын 15-ныг дуустал үргэлжлэхээр байна.
Г.Дамддинням: Нөөцөө зөв хуваарилах зохицуулалт
Сайд Г.Дамддинням энэ талаар “Наймдугаар сарын 4-нөөс эхлэн Улаанбаатар хотод календарийн тэгш, сондгой өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно. Нэг удаагийн цэнэглэлтийг 50,000 төгрөгөөр хязгаарлана. Саванд өгөхгүй. Энэ бол нөөцөө зөв хуваарилах, орон нутгийн иргэддээ боломж олгох, нийт иргэнийхээ цагийг үрэхгүй байх, тэгш боломж олгох зохицуулалт” гэж мэдэгдэв.
Оочер бууруулах зорилготой түр арга хэмжээ
Албаныхны тайлбарлаж буйгаар, уг шийдвэр нь шатахууны оочерыг багасгах, нөөцийг тэгш хүртээх, орон нутгийн иргэдэд ч шатахуун авах боломж үлдээх зорилготой юм.
Иймээс иргэд наймдугаар сарын 4-нөөс эхлэн автомашины улсын дугаарынхаа тэгш, сондгойг анхаарч, шатахуун авах өдрөө урьдчилан төлөвлөх шаардлагатай болж байна.