Стрийминг үйлчилгээний аварга Netflix компани NASA-гийн Artemis II хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих Сарыг тойрон өнгөрөх хүнтэй нислэгийг албан ёсоор шууд дамжуулахаа мэдэгдлээ. Ийнхүү сансар судлалын түүхэн үйл явдлыг дэлхийн олон орны үзэгчид илүү ойроос, илүү хүртээмжтэйгээр үзэх боломж бүрдэж байна.
Artemis II хөлөг Сарны таталцлын нөлөө бүхий бүсэд 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр АНУ-ын зүүн эргийн цагаар 12:41-т нэвтрэх юм. Энэ нь Монголын цагаар дөрөвдүгээр сарын 7-ны шөнийн 00:41-т таарч байгаа бөгөөд дотоодын үзэгчид 00:40 орчимд шууд дамжуулалтыг хүлээн авч үзэх боломжтой болж байна.
Энэхүү нислэгийг зөвхөн Netflix-ээр бус, мөн NASA-гийн албан ёсны YouTube сувгаар ч шууд үзэх боломжтой аж.
Artemis II нь 1972 онд хэрэгжсэн Apollo 17 хөтөлбөрөөс хойш Сар руу чиглэсэн анхны хүнтэй нислэг гэдгээрээ онцгой ач холбогдолтой. Тиймээс энэ аялал нь зөвхөн нэг удаагийн туршилт биш, харин хүн төрөлхтнийг Сар руу эргэн авчрах урт хугацааны стратегийн гол үе шат гэж үзэж байна.
NASA-гийн Artemis хөтөлбөр нь цаашид Саран дээр бууж, байнгын бааз байгуулах зорилготой томоохон санаачилгын нэг хэсэг юм. Энэ хүрээнд 2022 онд Artemis I нисгэгчгүй туршилтын нислэг хийгдсэн бол 2026 оны дөрөвдүгээр сард Artemis II Сарыг тойрон нисэхээр төлөвлөгджээ. Харин 2027 онд Artemis III дараагийн шатны туршилтад шилжиж, 2028 онд Artemis IV хөтөлбөрөөр Саран дээр газардах зорилт тавигдаад байна.
Artemis II нислэгийн бүрэлдэхүүнд Рид Уайзман, Виктор Гловер, Кристина Кук, Жереми Хансен нар багтжээ. Хэрэв энэ нислэг төлөвлөсөн ёсоор амжилттай үргэлжилбэл тэд Дэлхийгээс хамгийн хол очсон хүмүүсийн тоонд багтаж, сансар судлалын түүхэнд нэрээ үлдээх боломжтой болох юм.
Экипажийн эх дэлхийдээ буцан ирэх хугацааг 2026 оны дөрөвдүгээр сарын 11-нээр товлоод байна.
Netflix-ийн энэ удаагийн шууд дамжуулалт нь сансар судлалын асар том үйл явдлыг олон нийтэд улам ойртуулж, дэлхийн хаанаас ч бодит цаг хугацаанд үзэх нөхцөл бүрдүүлснээрээ онцгой анхаарал татаж байна. Монголын үзэгчид ч мөн гэрээсээ энэ түүхэн мөчийн гэрч болох боломжтой боллоо.
Сансрын нислэг шууд үзнэ гэдэг гоё шүү