Монгол, Орос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулан ОХУ-ын Гавьяат зураач, Монгол Улсын “Алтан гадас” одонт Федор Семенович Торховын (1930-2012) “Монгольская палитра” уран бүтээлийн үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэн үзүүлэх гэж байна. Тус үзэсгэлэн есдүгээр сарын 10-наас 16-ныг дуустал үргэлжилнэ.
Уг үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ОХУ-ын Алтайн хязгаарын Засгийн газар, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Монголын урчуудын эвлэлийн хороо болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулж байна.
Зураач Ф.С.Торхов Монгол орныг өөрийн хоёр дахь эх орноо гэж үздэг байсан бөгөөд 2005 онд тус музейн сан хөмрөгт өөрийн туурвисан 68 бүтээлийг бэлэглэж байсан түүхтэй.
Үзэсгэлэнд дэлгэгдэх бүтээлүүдийн онцлог
Энэхүү үзэсгэлэнгээс зураачийн өнгөрсөн он жилүүдэд туурвисан бүтээлүүдээр дамжуулан Монгол орны өвөрмөц давтагдашгүй онцлог болон түүхэн хуудастай танилцах боломжтой.
Үзэсгэлэнд дэлгэгдэх бүтээлийн гол сэдвүүдэд:
- Хөрөг зургууд: Монгол хүний дүр төрх, онцлогийг тод томруун дүрсэлсэн уран зургууд.
- Ахуй амьдрал: Монгол түмний эгэл амьдралын хэв маяг, уламжлалт ахуй.
- Байгалийн сайхан: Монгол хээр тал, байгалийн өвөрмөц тогтоцыг буулгасан бүтээлүүд багтжээ.