Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд Улаанбаатар хотод эхэлнэ.
Тэмцээнд Азийн 43 орны 1300 гаруй шилдэг тамирчин оролцож, пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр өрсөлдөх юм.
Азийн наадмын эрх олгоно
Энэ удаагийн ААШТ зөвхөн тивийн аваргуудыг тодруулахаас гадна 2026 оны есдүгээр сарын 19-нд Японы Аичи мужийн Нагоя хотод эхлэх Азийн зуны XX спортын наадмын эрх олгохоороо онцлогтой.
Тодруулбал, анх удаа жин тус бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчид Азийн наадамд оролцох эрх авах юм.
Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч хүрэлцэн ирнэ
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чое Чунвон хүрэлцэн ирэхээр болжээ.
Мөн тэмцээний нээлтийн үеэр “Авьяаслаг америкчууд” шоуны “Алтан баззер”-ийн эзнээр тодорсон үзүүлэх тоглолтын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, таеквондогийн урлаг, хүч чадлыг харуулсан үзүүлбэр толилуулах юм.
“Мбанк арена”-д долоо хоног үргэлжилнэ
Пүмсэгийн 9 дэх, тулааны 27 дахь, пара таеквондогийн 11 дэх удаагийн тэмцээн долоо хоногийн турш “Мбанк арена”-д үргэлжилнэ.
Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү ААШТ нь тивийн хэмжээнд олимпын хамгийн өндөр чансааны оноо олгодог тэмцээн гэдгээрээ онцгой ач холбогдолтой.
Монголын тамирчид өмнө нь 23 медаль хүртжээ
Монгол Улсын тамирчид насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 23 медаль хүртэж байсан байна.
Энэ удаагийн тэмцээнийг “Премьер Спортс Нэтворк” спортын төрөлжсөн телевиз шууд дамжуулан үзүүлнэ.