Нэгдүгээр сарын башё Аонишикийн ялалтаар өндөрлөв
Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн 21 настай озеки Аонишикийн түрүүгээр өндөрлөлөө. Украин төрхтэй энэ залуу озеки цол авсныхаа дараах анхны башёдоо ийнхүү түрүүлж, сүүлийн хоёр дараалсан тэмцээнд Эзэн хааны цомыг өргөсөн байна.
Тэрээр 14 дэх өдөр ёкозүна Оносатод өвдөг шороодсон ч ижил цолтой Котозакүраг давж, үндсэн барилдааныг 12 даваа, 3 унаатайгаар дуусгав. Улмаар ижил амжилттай байсан маэгашира Атамифүжитэй нэмэлт барилдаан хийж, өрсөлдөгчөө дахин давснаар башёгийн аварга цолыг өөрийн болголоо.
Ингэснээр Аонишики озеки цолтойгоороо анхны тэмцээндээ түрүүлсэн ес дэх сүмоч болж байна. Япон сүмочдоос хамгийн сүүлд озеки Точиазүма 2002 оны нэгдүгээр сарын башёд ийнхүү түрүүлж байсан бол Монголын домогт бөх Хакүхо 2006 оны тавдугаар сарын тэмцээнд озеки цолтойгоор анх удаа зодоглоод шууд аварга болж байжээ.
Тусгай шагналууд: Атамифүжи, Киришима, Ёшинофүжи онцологдов
Энэ сарын башёд үзүүрлэсэн Атамифүжи “дайчин барилдааны” тусгай шагнал хүртэв. 23 настай түүний хувьд энэ бол уг төрлийн шагналыг гурав дахь удаагаа гардаж буй тохиолдол юм.
Секивакэ цолтой зодоглосон Киришима Б.Лхагвасүрэн 11 даваатай тэмцээнийг өндөрлүүлж, мөн “дайчин барилдааны” шагналын эзэн боллоо. Түүнчлэн хоёр ёкозүнэг ээлж дараалан унагаж, шуугиан тарьсан Ёшинофүжи ч тусгай шагнал хүртсэн нь энэ башёгийн нэгэн томоохон онцлох үйл явдал болов.
Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн сүүлийн өдөр ижил цолтой Оносатог давж, нэгдүгээр сарын башёг 10 даваатайгаар дуусгасан байна.
Доод зиндааны шинэ од: Асахифүжи Б.Очирсайхан
Жонокүчи буюу мэргэжлийн сүмогийн хамгийн доод зиндаанд монгол сүмоч Асахифүжи Б.Очирсайхан түрүүлжээ. 2002 онд төрсөн, 185 см өндөр, 150 кг жинтэй тэрээр мэргэжлийн дэвжээндээ хүчтэй орж ирж буй залуу авьяастан гэж тооцогдож байна.
Сүмогийн дэвжээн дээрх энэхүү амжилтууд нь зөвхөн дээд зиндаанд төдийгүй доод зиндаанд ч монгол сүмочдын нөлөө, ирээдүйн боломж улам тэлж буйн тод жишээ боллоо.






Маш том амжилт байна, баяр хүргэе
Спортын түүхэнд үлдэх ялалт юм