Философич С.Молор-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх өөрчилж, түүнийг суллахын зэрэгцээ Монгол Улсын хил болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах шийдвэр гаргажээ.
С.Молор-Эрдэнийг 2026 оны есдүгээр сарын 2-ноос Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, цагдан хорьж байсан юм.
Нийслэлийн прокурорын газраас түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах санал шүүхэд хүргүүлсэн бөгөөд анх уг саналыг хангаж шийдвэрлэсэн байна.
Гэвч С.Молор-Эрдэнийн өмгөөлөгчид уг захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаснаар асуудлыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч дахин хянажээ.
Хэрэгт авагдсан баримт болон яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих арга хэмжээг өөрчилж, хэд хэдэн хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэсэн байна.
Ингэснээр С.Молор-Эрдэнэ:
- Монгол Улсын хилээр гарахгүй байх;
- Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх;
- Тус хэрэгт нэр бүхий болон бусад оролцогчтой уулзах, харилцах, холбоо тогтоохгүй байх хязгаарлалтад хамрагджээ.
Шүүхийн шийдвэрийн талаар Ерөнхий шүүгч Б.Халиуны тоймд:
“Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Молор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хангаж шийдвэрлэжээ.
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч хянаад хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг, тус хэргийн нэр бүхий оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв”
гэжээ.
Ийнхүү С.Молор-Эрдэнийг үргэлжлүүлэн цагдан хорихгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хязгаарлалтуудыг мөрдүүлэхээр болж байна.
Түүнийг яллагдагчаар татсан нь гэм буруутай нь эцэслэн тогтоогдсон гэсэн үг биш бөгөөд гэм бурууг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтооно.