Senzu дэлхийн аваргад эргэн ирлээ: Монголын 12 тоглогч Сингапурт өрсөлдөнө

Counter-Strike 2-ын томоохон тэмцээнүүдийн нэг «PGL Major Singapore 2026» арваннэгдүгээр сарын 24-нд Сингапурт эхэлнэ. Арванхоёрдугаар сарын 13 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг хүч үзэх юм.

Багууд чансааны онооноосоо хамааран үндсэн гурван шатнаас тэмцээнд оролцох бөгөөд эхний шатны тоглолтууд маргааш эхэлнэ.

Chinggis Warriors, GOSH багууд эхний шатанд тоглоно

Нэгдүгээр шатанд Монголын «Chinggis Warriors» болон Ази бүсээс эрхээ авсан, Senzu, mzinho нарын «BC Game Esports» баг өрсөлдөнө. «BC Game Esports» энэ удаагийн тэмцээнд GOSH нэрээр оролцож байгаа аж.

Эхний шатанд гурван хожил авсан найман баг дараагийн шатанд дэвших бол гурван удаа хожигдсон найман баг тэмцээнээ дуусгана.

Монгол тоглогчидтой багуудын эхний тоглолтын хуваарь:

  • Арваннэгдүгээр сарын 24, 13:00: Chinggis Warriors — 100 Thieves
  • Арваннэгдүгээр сарын 24, 14:00: GOSH — Team Liquid

Хоёр тоглолт хоёулаа нэг газрын зургаар ялагчийг тодруулах BO1 хэлбэрээр явагдана. Харин «The MongolZ» хоёрдугаар шатнаас өрсөлдөх бөгөөд тоглолтууд нь арваннэгдүгээр сарын 28-нд эхлэх юм.

Senzu хоёр Major өнжсөний дараа эргэн ирэв

Senzu буюу М.Азбаяр 2025 оны зургаадугаар сараас хойш хоёр удаагийн дэлхийн аваргыг өнжсөн ч энэ удаа хамгийн өндөр түвшний өрсөлдөөнд дахин оролцохоор болжээ.

Тэрээр багын найз, хамтрагч mzinho болон Counter-Strike-ийн алдарт тоглогч s1mple нартай нэг багт хүч үзнэ. Шинэ бүрэлдэхүүн дэлхийн шилдгүүдийн эсрэг хэр хол ахих нь тэдний өмнөх гол сорилт болж байна.

mzinho буюу Б.Аюушийн хувьд өнгөрсөн долоодугаар сард «The MongolZ»-оос гарснаас хойш ийнхүү дэлхийн хэмжээний том багуудтай дахин өрсөлдөх гэж байгаа юм.

Тэмцээний хамгийн залуу тоглогч нь Tikuak

Энэ Major-т Монголын нийт 12 тоглогч оролцож байгаагаараа онцлог. Харин 22 тамирчинтай ОХУ тоглогчдын тоогоор тэргүүлж байна.

Tikuak буюу Ч.Золбаяр 17 нас зургаан сартайдаа дэлхийн аваргад оролцож, тус тэмцээний хамгийн залуу тоглогч болжээ. Мөн «The MongolZ»-ийн ахлагч bLitz, багийн гишүүн Techno4K нар ес дэх Major тэмцээндээ тоглоход бэлэн болоод байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу