СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойн хачиг тавдугаар сараас идэвхэждэг тул 6-7 дугаар сард өвчлөл хамгийн өндөр

Аялал зугаалга, хээр гадаа явах хөдөлгөөн нэмэгдэж буй энэ үед Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэхийг иргэдэд зөвлөлөө.

Монгол Улсад хачгаар дамжин халдварладаг гурван төрлийн өвчин бүртгэгддэг байна. Үүнд:

халдвартай малын хачигт хазуулснаар хачигт риккетсиоз гэх нянгийн гаралтай өвчин,

халдвартай ойн хачигт хазуулснаар хачигт боррелиоз гэх нянгийн гаралтай өвчин,

хачигт энцефалит гэх вирусийн гаралтай өвчин тусах эрсдэлтэй.

Хачгаар дамжих халдвараар хэн өвчилдөг вэ?

Хачигт боррелиоз

Энэ өвчнөөр нас, хүйс харгалзахгүй бүх хүн өвчлөх боломжтой.

Нийт өвчлөгсдийн 7.6 хувийг малчид эзэлдэг байна.

Хачигт энцефалит

Нийт өвчлөгсдийн 73.6 хувийг 20-54 насны иргэд,

67.9 хувийг эрэгтэйчүүд,

9.8 хувийг малчид эзэлдэг.

Мөн энэ халдвараар өвчилсөн нийт хүмүүсийн 2 хувь нь нас бардаг аж.

Хачигт боррелиоз болон хачигт энцефалит нь манай улсын Сэлэнгэ, Булган, Хэнтий, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумдын ойн бүсэд байгалийн голомттой байдаг. Тиймээс мал хариулах, самар, жимс, халиар, эмийн ургамал түүх, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг үедээ иргэд голомтот ойд хачигт хазуулж, халдварт өртөх эрсдэлтэй.

Ойн хачиг тавдугаар сарын сүүлчээс идэвхждэг тул 6-7 дугаар сард өвчлөл хамгийн өндөр бүртгэгддэг байна.

Хачгаар дамжих халдварын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Хачигт боррелиоз

Ихэвчлэн хэвлий, суга, цавь, нуруу зэрэг зөөлөн арьстай хэсэгт хачиг хазаж, шигдэн шарх үүсгэн үрэвсүүлдэг.

Хачиг шигдсэнээс хойш гурваас дээш хоногийн дараа халуурах шинж илэрнэ.

Толгой өвдөх, ядрах, сульдах зовуурь гарна.

Гол шинж нь өвчлөгсдийн 20-30 хувьд хачиг хазсан хэсэгт нүүмэл улайлт үүсдэг.

Цочмог үед нь эмчилгээ хийлгэхгүй бол өвчин архагших эрсдэлтэй.

Үе мөчний архаг үрэвсэл илэрч, яс хэврэгшинэ.

Мөн саа, саажилт, тэнэгрэл илэрч болзошгүй.

Хачигт энцефалит

Хачигт энцефалитын цочмог хэлбэрийн үед:

Хачигт хазуулснаас хойш нэгээс дээш хоногийн дараа өндөр халуурч, толгой маш хүчтэй өвдөнө, бөөлжинө, цочромтгой болж, гэрэлд гялбана.

Нүдэнд хий зүйл харагдах, дэмийрэх эсвэл унтаарах, унаж татах шинж илэрнэ.

Нүүр болон мөчдийн булчин өвдөж, саажих, биеийн нэг тал суларч мэдээгүй болох тохиолдол гарна.

Зарим үед “арьсан дээр шоргоолж гүйж буй мэт” мэдрэмж төрдөг.

Гол шинж нь хүзүү, мөр, далны булчин саажих явдал юм.

Мөн хөл, гарын талласан саа, хос саа эсвэл дөрвөн мөчний саа илэрч, мэдээгүй болох, улмаар архагших эрсдэлтэй.

Тэнэгрэл үүсэж, хөдөлмөрийн чадвар 100 хувь алдагдах аюултай.

Хачгаар дамжих халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

Ойд явахдаа ханцуй болон өмдний шуумагт хачиг үргээгч бодис цацах

Хувцсанд хачиг орсон бол авч хаях эсвэл 10 минут халуунаар үйлчлэх

Биед шигдсэн хачгийг эмнэлэгт хандаж зөв аргаар авхуулах

Ямаа, үхрийн түүхий сүү, мах, цус хэрэглэхгүй байх

Тод өнгийн хувцас өмсөж, хачиг наалдсан эсэхийг шалган авч хаях

Хаврын улиралд толгойн үсэнд хачиг орсон эсэхийг өдөр бүр шалгах

Хачигт хазуулсан бол эмнэлгийн байгууллагад яаралтай хандах

Хачигт энцефалитын байгалийн голомтот ойн бүсэд амьдардаг, тогтмол зорчдог, ажил эрхэлдэг бол вакцинд хамрагдах

Эх сурвалж: ХӨСҮТ

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу