Тайландын зүүн хойд хэсэгт гарсан эмгэнэлт явдлын улмаас 11 настай хүү эцэг эхийнхээ пикап автомашиныг жолоодож явсаар зам дагуу алхаж явсан лам нарын бүлгийг мөргөж, есөн ламын амь эрсэдсэн байна.
Пүрэв гарагт тохиолдсон энэхүү осол нь нийслэл Бангкокоос 650 км зайд орших Мукдахан хотод бүртгэгдсэн юм. Мужийн захирагч Вораян Бунаратын мэдээлснээр, Буддын шашны 34 лам, таван сүсэгтэн хөрш зэргэлдээх Убон Ратчатхани хотын сүм рүү мөргөл үйлдэхээр алхаж байх үед осол гарчээ. Ослын улмаас таван лам газар дээрээ нас барсан бол, гурван лам эмнэлэгт хүргэгдээд амиа алдсан байна. Бунарат хэлэхдээ, хожим нэг лам нэмж нас барсныг баталгаажуулсан гэв. Өөр гурван лам хүнд гэмтэл авчээ. Орон нутгийн цагдаагийн албаны дарга Пайрож Тайпхутрагийн мэдээлснээр, хүү эцэг эхийнхээ пикап автомашиныг зөвшөөрөлгүй авч яваад, 10 км орчим явсны дараа хяналтаа алдаж, лам нарын цуваа руу дайрсан байна. Хүү ослын улмаас цочролд орсон тул мэдүүлэг өгөх боломжгүй байгааг цагдаагийн дарга нэмж хэлжээ. Тайланд улс хүн амынхаа 93 хувь нь Буддын шашин шүтдэг, лам хуврагуудыг дээдэлдэг орон юм. Гэхдээ зам тээврийн аюулгүй байдлын үзүүлэлтээр энэ улс дэлхийд хамгийн доод эгнээнд тооцогддог бөгөөд хүний амь эрсэдсэн осол түгээмэл тохиолддог. Вораян Бунарат сэтгүүлчидтэй уулзахдаа хэлэхдээ: “Бид сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг маш хатуу чанга сахиж байгаа. Энэ осол зөвхөн манай мужид төдийгүй нийт орон даяар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх том сургамж болох ёстой. Ийм зүйл дахин тохиолдохоос сэргийлэхийн тулд бүх хүн, ялангуяа эцэг эхчүүдийн оролцоо чухал гэж би бодож байна” гэв.
Маш харамсалтай хэрэг болжээ