Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ

Нийгмийн даатгалын багц хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, тэтгэврийн нөөц санг байгуулсан. Улмаар тус санд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг мөнгөн хэлбэрээр хуримтлуулж эхэлсэн бөгөөд 2025 оны байдлаар тэтгэврийн нөөц санд 302.7 тэрбум төгрөг төвлөрөөд байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 256 дугаар тогтоолоор “Тэтгэврийн нөөц санд хөрөнгө төвлөрүүлэх, бүртгэх, хуваарилах, байршуулах, мэдээлэх, хөрөнгө оруулах, өвлүүлэх, хяналт тавих журам”-ыг баталсан. Уг журамд заасны дагуу тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг найдвартай, үр өгөөжтэй, ил тод, хараат бус байх зарчмаар байршуулах зохицуулалттай. Тодруулбал, Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас худалдан авах, Төрийн сангийн нэгдсэн дансанд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах, мөн банкны системд нөлөө бүхий арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулах зэрэг дөрвөн төрлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахаар тусгасан байна.

Банкны системд нөлөө бүхий арилжааны дөрвөн банканд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулж, тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулжээ. Ингэхдээ жилийн 15.11 хувийн хүүгийн өгөөж хүртэх нөхцөлтэйгөөр байршуулаад байна.

Энэ ажлын үр дүнд тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг 32.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдсэн бөгөөд 2026 оны тавдугаар сарын өгөөж болох 2.7 тэрбум төгрөгийг хүлээн авч, тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг өсгөсөн гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу