“The Hu” 10 жилийн ойгоо эх орондоо нижгэр тэмдэглэнэ: шинэ цомог фэнүүдэд нь бэлэг болно

Ойн баяраа Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр төлөвлөжээ

“Чингис хаан” одонт The Hu хамтлагийн 10 жилийн ой 2026 онд тохиож байна. Хамтлагийн гоцлол дуучин Г.Нямжанцан өмнө нь ойн баяраа монголчуудтайгаа хамт эх орондоо тэмдэглэнэ гэдгийг мэдээлж байсан юм.

Тэгвэл тус хамтлагийнхан ирэх наймдугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнд ойн баярын тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа аж. Тоглолтоос гадна тэд сонсогч, фэнүүддээ гурав дахь цомгоороо бэлэг барихаар бэлтгэж байна.

“Нар сар” тоглолтоороо эх орондоо бүрэн хэмжээний шоу толилуулсан

The Hu хамтлаг 2024 онд Монголын Үндэсний их баяр наадмын үеэр анхны бүрэн хэмжээний “Нар сар” тоглолтоо эх орондоо толилуулж байсан. Тухайн тоглолт нь хамтлагийн монгол үзэгчидтэйгээ уулзсан онцгой мөчүүдийн нэг болсон юм.

Тэднийг Их Британийн алдарт The Guardian сэтгүүл “Дэлхийн хөгжмийн ертөнц дэх шинэ үзэгдэл” хэмээн тодорхойлсон байдаг.

Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан хамтлаг

The Hu хамтлагийг 2016 онд Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог үүсгэн байгуулжээ. Тус хамтлаг Монгол үндэстний хөгжмийн өнгө аясыг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар уран бүтээлээ хийдгээрээ онцлог.

Хамтлаг үндсэн дөрвөн гишүүнтэйгээр 2018 оны есдүгээр сард “Юу вэ, юу вэ, юу” дуугаар дебют хийсэн бөгөөд уг бүтээл YouTube дээр 122 сая хандалт авч байв.

“Wolf Totem”, “Shoog Shoog”, “Gereg” цомог дэлхийд хүрсэн нь

“Юу вэ, юу вэ, юу” дуугаараа дэлхийн рок хөгжмийн урсгалд шинэ өнгө нэмсэн The Hu дараа нь “Wolf Totem”, “Shoog Shoog” зэрэг бүтээлүүдээ гаргасан.

2019 онд тэд “Gereg” нэртэй цомгоо худалдаанд гаргасан бөгөөд уг цомог гарсан даруйдаа Billboard-ийн World Albums төрөлд нэгдүгээр байрт бичигдэж байжээ.

Монгол хэлтэй уран бүтээл дэлхийн тайзанд хүрсэн түүх

Монгол уран бүтээлчид эх хэл дээрээ бүтээл гаргаж, дэлхийн сонсогчдын анхаарлыг татна гэдэг саяхныг хүртэл мөрөөдөл мэт санагддаг байв. Харин The Hu хамтлаг энэ мөрөөдлийг бодит болгож, дэлхийн томоохон хөгжмийн тайзнуудад гарсан юм.

Тэд Coachella, Hellfest зэрэг олон улсын нэр хүндтэй фестивалиудад тоглож, Монголын хөгжмийн өв соёл, рок урсгалыг дэлхийн үзэгчдэд хүргэсэн.

270 гаруй тоглолт, хоёр цомог, дөрвөн сингл цомог

Өнгөрсөн хугацаанд The Hu хамтлаг хоёр бүрэн хэмжээний цомог, дөрвөн сингл цомог гаргажээ. Мөн Америк, Европ, Австрали, Ази тивд нийт 270 гаруй тоглолт хийсэн байна.

10 жилийн ойгоо эх орондоо тэмдэглэхээр бэлтгэж буй тэдний шинэ тоглолт болон гурав дахь цомог нь Монголын рок хөгжмийн түүхэнд дахин нэг онцгой үйл явдал болох төлөвтэй байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу