“WOLF TOTEM” тоглолт Төв цэнгэлдэхэд болно
Монголын рок хөгжмийг дэлхийн тайзанд гаргасан THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулан “WOLF TOTEM – World Premiere” нэртэй онцгой тоглолтоо хийхээр болжээ.
Тоглолт 2026 оны наймдугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд энэ нь зөвхөн ойн баярын арга хэмжээ биш, мөн хамтлагийн 2026 оны дэлхийг тойрох аялан тоглолтын албан ёсны эхлэл байх юм.
10 жилийн ойгоороо шинэ шатанд гарна
THE HU өнгөрсөн арван жилийн хугацаанд Монголын уламжлалт хөгжмийн өнгө, хөөмий, морин хуурын аялгууг рок урсгалтай хослуулж, олон улсын сонсогчдод хүргэсэн хамтлаг болсон.
Өнөөдөр тэдний бүтээлүүд дэлхий даяар 900 саяд дөхсөн хандалттай болж, “Billboard” чартад тэргүүлж, “Star Wars”, “Metallica Blacklist” зэрэг олон улсын томоохон төслүүдэд оролцсон амжилттай байна.
Мөн “Glastonbury”, “Coachella” зэрэг дэлхийн нэр хүндтэй тайзнаа тоглож, Монголын хөгжмийн нэрийг олон улсад таниулсан билээ.
Шинэ “HUN” цомгийн дуунууд анх удаа эгшиглэнэ
“WOLF TOTEM – World Premiere” тоглолтын үеэр THE HU хамтлаг шинэ “HUN” цомгийн бүтээлүүдээ сонсогчдод хүргэхээр байна.
Үүнээс гадна дэлхийд танигдсан “Wolf Totem”, “Yuve Yuve Yu”, “This Is Mongol”, “Black Thunder” зэрэг хит дуунууд ч Төв цэнгэлдэхийн тайзнаа эгшиглэх юм.
Ингэснээр фэнүүд хамтлагийн өнгөрсөн 10 жилийн хамгийн хүчтэй бүтээлүүд болон дараагийн үеийн шинэ хөгжмийн чиглэлийг нэг дор мэдрэх боломжтой болно.
Монголын хөгжмийн түүхэнд үлдэх үдэш
“WOLF TOTEM” нь THE HU хамтлагийн хувьд зөвхөн 10 жилийн ойн тоглолт биш. Энэ бол Монголын орчин үеийн хөгжмийн түүхэнд тэмдэглэгдэх томоохон үйл явдал бөгөөд хамтлагийн дараагийн арван жилийн эхлэлийг зарлах тайз байх төлөвтэй байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд болох таван цагийн тоглолтод 18-аас дээш насны үзэгчид оролцох боломжтой.
Тоглолтын ерөнхий мэдээлэл
Тоглолтын нэр: WOLF TOTEM – THE HU World Premiere
Огноо: 2026.08.08
Байршил: Төв цэнгэлдэх хүрээлэн
Үргэлжлэх хугацаа: 5 цаг
Насны ангилал: 18+
Тасалбарын үнэ
Энгийн тасалбар буюу GA 99,000 төгрөгийн үнэтэй байна.
Chillzone тасалбар 169,000 төгрөг, Fan Zone тасалбар 199,000 төгрөгөөр худалдаалагдана.
Морьтон буюу гурван хүний GA багц 270,000 төгрөг, Аравт буюу 10 хүний GA багц 900,000 төгрөгийн үнэтэй байна.
VIP тасалбар 699,000 төгрөгөөр худалдаалагдах юм.
Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг https://linktr.ee/thewolftotem хаягаар авах боломжтой.
