АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюуны хөгжлийн хурдыг зориудаар удаашруулах санааг эрс шүүмжилж, ийм оролдлого АНУ-д бус Хятад улсад ашигтай гэж мэдэгджээ.
Түүний энэ байр суурь хиймэл оюуны салбарын томоохон компаниудын удирдлагууд технологийн эрсдэлийн талаар илүү хүчтэй анхааруулга өгч, зохицуулалтыг чангатгах шаардлагатай гэж ярьж эхэлсэнтэй давхацсан байна.
Сүүлийн үед Anthropic-ийн Дарио Амодей, OpenAI-ийн Сэм Олтмэн, SpaceX-ийн Илон Маск зэрэг технологийн салбарын нөлөө бүхий хүмүүс хиймэл оюуны аюулгүй байдал, хяналтын асуудлыг олон нийтэд дахин дахин хөндөж байгаа юм.
“АНУ-д хэрэгтэй хяналт нь хүчирхэг ерөнхийлөгч”
Дональд Трамп өөрийн сошиал хуудсаар байр сууриа илэрхийлэхдээ хиймэл оюуны салбарыг удаашруулах бус, хүчтэй удирдлага дор хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаагаа тодорхой хэлжээ.
Тэрээр:
“Хиймэл оюунд хэрэгтэй цорын ганц хяналт бол ХҮЧИРХЭГ, УХААЛАГ (Өндөр IQ-тэй) ЕРӨНХИЙЛӨГЧ юм. АНУ-д ийм онцгой хүн байгаа” гэж мэдэгджээ.
Мөн өөрийн засаг захиргаа Anthropic компанийг “муу, эсвэл муу үр дагаварт хүргэж болзошгүй” зүйл хийхээс сэргийлж чадсан гэж жишээ татсан байна.
Anthropic болон Трампын засаг захиргааны харилцаа өмнө нь ч маргаантай байжээ. Тухайлбал Пентагон тус компанийн зарим загварыг үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж, ашиглалтыг нь хязгаарлах оролдлого хийсэн тухай мэдээлэл өмнө нь гарсан.
Дарио Амодей хөгжүүлэлтийн хурдыг сааруулахыг санал болгожээ
Anthropic-ийн гүйцэтгэх захирал Дарио Амодей бямба гарагт нийтэлсэн 3,800 үгтэй өгүүлэлдээ хиймэл оюуны хөгжлийг тодорхой хэмжээнд удаашруулах шаардлагатай гэж үзсэн байна.
Түүний гол тайлбар нь зохицуулалтын тогтолцоо технологийн хөгжлөөс хэт хоцорч болохгүй гэсэн санаанд төвлөрчээ.
Өөрөөр хэлбэл илүү хүчирхэг загварууд зах зээлд гарахаас өмнө засгийн газар, судлаачид болон компаниудад аюулгүй ажиллагааны дүрэм, хяналтын механизмаа сайжруулах хугацаа хэрэгтэй гэж Амодей үзсэн байна.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд Anthropic болон OpenAI-ийн дэвшилтэт загварууд туршилтын орчинд хүсээгүй зан төлөв үзүүлж, бусад систем рүү бие даан кибер халдлага хийх оролдлого гаргасан гэх мэдээлэл тарсан нь энэ маргааныг улам хурцатгасан аж.
Трампын хувьд гол өрсөлдөгч нь Хятад
Трамп хиймэл оюуны эрсдэлийг үгүйсгээгүй ч хөгжлийн хурдыг бууруулах нь стратегийн хувьд буруу алхам гэж үзэж байна.
Түүний тайлбараар АНУ ийм технологийн хөгжлөө сааруулбал Хятад улс давуу байр суурь эзлэх боломжтой.
Трамп:
“Хиймэл оюун, Дата төвүүдийн эсрэг гаж буруу санаатай хуйвалдааны онолууд нь зөвхөн Хятад улсыг баярлуулах ач холбогдолтой” гэж мэдэгджээ.
Энэ байр суурь нь хиймэл оюуны асуудлыг зөвхөн технологийн аюулгүй байдлын хүрээнд бус, АНУ-Хятадын өрсөлдөөний томоохон хэсэг гэж харж байгааг харуулж байна.
Хиймэл оюуны компаниудын хувьцаа буурав
Амодей болон бусад технологийн салбарын удирдагчид хиймэл оюуны хөгжлийг хязгаарлах, илүү хатуу хяналт шаардах тухай дуу хоолойгоо чангаруулсны дараа Даваа гарагийн өглөө хиймэл оюунтай холбоотой компаниудын хувьцааны ханш буурсан байна.
Зах зээл ийм төрлийн зохицуулалт хэрэгжвэл салбарын өсөлт, шинэ бүтээгдэхүүн гаргах хурд болон хөрөнгө оруулалтад нөлөөлж болзошгүй гэж болгоомжилсон байх магадлалтай.
Сонгогчдын дунд ч эсэргүүцэл нэмэгдэж байна
Трампын энэхүү байр суурь улс төрийн хувьд тодорхой эрсдэл дагуулж болзошгүй байна.
АНУ-д дата төвүүдийн тоо эрчимтэй нэмэгдэж байгааг зарим иргэд эсэргүүцэж, эрчим хүч, орон нутгийн дэд бүтэц болон байгаль орчинд дарамт учруулах вий гэж болгоомжилж байна.
Үүнээс гадна хиймэл оюуны хөгжил ажлын байрыг багасгах, боловсролын орчинд сөргөөр нөлөөлөх, хүүхдүүдийн ирээдүйд эрсдэл үүсгэх талаар түгшиж буй сонгогчид ч цөөнгүй байгаа аж.
Энэ нь арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн үеэр чухал сэдэв болж хувирч болзошгүй гэж эх сурвалж тэмдэглэжээ.
Жэй Ди Вэнс: “Америкчууд юунаас ч айх хэрэггүй”
Трампын засаг захиргааны зүгээс хиймэл оюуны өсөлтөөс хэт айх шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлсээр байна.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс сэтгүүлчдийн асуултад:
“Америкчууд юунаас ч айх хэрэггүй гэж би бодож байна” гэж хэлжээ.
Тэрээр мөн технологийн компаниуд өөрсдөө засгийн газраас илүү хатуу зохицуулалт шаардаж байгааг сэжигтэй хэмээн үзэж байгаагаа хэлсэн байна.
Вэнс:
“Хиймэл оюуны дэвшилтэт технологийн олон компани засгийн газарт хандан өөрсдийгөө зохицуулахыг гуйж байгаа нь надад бага зэрэг хачирхалтай санагдаж байна. Энэ нь надад яг л Трояны морь шиг санагдаж байна. Тиймээс бид энэ асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй” гэж тайлбарласан байна.
Гол маргаан аюулгүй байдал уу, технологийн тэргүүлэгч байр суурь уу?
Одоо хиймэл оюуны салбарт хоёр өөр байр суурь улам тод ялгарч байна.
Нэг талд хүчирхэг загварууд хэт хурдан хөгжиж байгаа тул аюулгүй ажиллагаа, зохицуулалтад илүү их хугацаа хэрэгтэй гэж үзэж байна. Харин Трампын засаг захиргаа хурдыг зориудаар сааруулах нь АНУ-ын өрсөлдөх чадварыг сулруулж, Хятадад боломж олгоно гэж болгоомжилж байгаа юм.
Ингэснээр хиймэл оюуны хөгжлийг хэр хэмжээнд зохицуулах вэ гэсэн асуудал технологийн салбарын дотоод маргаанаас хальж, АНУ-ын эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, сонгуулийн улс төрийн томоохон сэдэв болж эхэлжээ.
Эх сурвалж: Associated Press