Улаанбаатар болон 21 аймаг агаарын чанарыг бодит цагт хянадаг боллоо

Улаанбаатар хот болон Монгол Улсын 21 аймгийн төвд агаарын чанарыг автоматаар хянах станцуудыг бүрэн суурилуулж дуусжээ. Ингэснээр нийслэл төдийгүй орон нутгийн иргэд агаарын чанарын мэдээллийг бодит цагийн горимоор авах боломжтой болсон байна.

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам болон Байгаль орчны корпорац хамтран уг төслийг 2023-2026 онд хэрэгжүүлжээ.

Төслийн нийт өртөг 8.9 сая ам.доллар бөгөөд автомат станцуудыг БНСУ Монгол Улсад буцалтгүй тусламжаар нийлүүлсэн байна.

Агаар дахь гол бохирдуулагчдыг тасралтгүй хэмжинэ

Шинээр суурилуулсан автомат станцууд нь агаарын чанарт нөлөөлдөг хэд хэдэн үндсэн үзүүлэлтийг тасралтгүй хэмжих боломжтой.

Тухайлбал хүхэрлэг хий, азотын ислүүд, PM2.5 болон PM10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл, мөн цаг уурын үзүүлэлтүүдийг хэмжин мэдээлэл боловсруулна.

Иргэд хэмжилтийн үр дүнг agaar.gov.mn цахим платформоор бодит цагийн горимоор харах боломжтой болжээ.

Агаарын чанарын урьдчилсан мэдээлэл авах боломж нэмэгдэв

Монгол Улс өмнө нь голчлон цаг агаарын төлөв байдалд дүн шинжилгээ хийх боломжтой байсан бол агаарын чанар хянах автомат станцуудын сүлжээ бий болсноор агаарын чанарын мэдээллийг илүү нарийвчлалтай цуглуулах нөхцөл бүрдэж байна.

Ингэснээр Монгол Улсад байгаа иргэд агаарын чанарын одоогийн нөхцөл болон холбогдох мэдээллийг илүү шуурхай авах боломжтой болжээ.

Энэ нь ялангуяа агаарын бохирдол өндөр байдаг улиралд иргэд эрүүл мэндтэй холбоотой шийдвэрээ мэдээлэлд тулгуурлан гаргахад ач холбогдолтой юм.

MAMIS программыг хөгжүүлж, 240 орчим албан хаагчийг сургав

ЦУОШГ-ын дарга Э.Баттулга төслийн хүрээнд зөвхөн суурин станц бус, нэмэлт дэд бүтэц болон мэдээлэл боловсруулах системийг мөн нэвтрүүлснийг онцолжээ.

Тэрээр:

“Агаарын чанарын үзүүлэлт хэмжих хөдөлгөөнт лабораторийг Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хүлээлгэн өгсөн. Мэдээлэл боловсруулах, үр дүнг үнэлэх, тайлан гаргах MAMIS программыг хөгжүүлсэн. БНСУ, Монгол Улсад нийт 240 орчим албан хаагчийг сургасан” гэж хэллээ.

Ингэснээр агаарын чанарын хэмжилтийг зөвхөн хийхээс гадна мэдээллийг боловсруулах, үнэлэх, тайлагнах чадавх давхар нэмэгдсэн байна.

“Нарийвчлалтай мэдээлэл төрийн бодлогод чухал”

БНСУ-ын Байгаль орчны Уур амьсгал, хүрээлэн буй орчны асуудал хариуцсан захирал Юн Ён Хи шинээр бий болсон системийн ач холбогдлыг онцолжээ.

Тэрээр:

“Монгол Улсад агаарын чанарыг тасралтгүй хэмжих суурь дэд бүтэц бүрдэж байна. Бодит цагийн өгөгдөлд агаарын чанарыг үнэлэх, иргэдэд мэдээлэл хүргэх боломжийг нэмэгдүүлж байгаа. Нарийвчлалтай, найдвартай мэдээлэл нь агаарын бохирдлыг бууруулах төрийн бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой” гэж онцлов.

Шинэ автомат станцуудын сүлжээ бүрэн ашиглалтад орсноор агаарын чанарын мэдээллийг улсын хэмжээнд илүү тогтмол, нарийвчлалтай авах боломж бүрдэж, цаашдын бодлого, төлөвлөлтийн суурь өгөгдөл сайжрах нөхцөл бүрдэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу