“Задлаагүй захиа” ОХУ-д болсон олон улсын кино наадмын гранпри шагналыг хүртлээ

Монголын найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл “Задлаагүй захиа” уран сайхны кино ОХУ-ын Адыгей Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдсан “Алтан Саусруко” олон улсын кино наадмын зургаа дахь удаагийн дээд шагнал болох гранприйг хүртжээ.

Тус кино нь Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд “Аранжин” пикчерсийн ээлжит уран бүтээл юм.

Киноны ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр ажилласан бол продюсер, дууны найруулагчаар Л.Цэрэнтогтох, зургийн найруулагчаар Г.Гүенбаатар ажиллажээ.

“Задлаагүй захиа” нь хүний амьдралын ээдрээтэй эргэлт, хүмүүсийн хоорондын харилцаа, дотоод сэтгэлийн зөрчил болон сэтгэлзүйн нарийн мэдрэмжийг өгүүлдэг бүтээл юм.

Эдгээр сэдвийг уран сайхны хэлээр нягт гаргасан нь олон улсын кино наадмын шүүгчдийн анхаарлыг татаж, өндөр үнэлгээ авахад нөлөөлсөн байна.

“Алтан Саусруко” олон улсын кино наадмын гранпри нь тус бүтээлийн олон улсын тавцанд авсан томоохон үнэлгээний нэг болж, Монголын кино урлагийг гадаадын үзэгчид, мэргэжлийн хүрээнд дахин таниулсан амжилт боллоо.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу