Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буй энэ үед эрх баригчид бүтэн жилийн турш жагсаал, цуглаан хийж шаардлага тавьсан ахмадуудын тэтгэврийн асуудлыг дахин хэлэлцэхээр болж байна. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийн гишүүдийн оролцоотойгоор маргааш буюу 2026 оны зургаадугаар сарын 6-нд Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан хийж, Засгийн газраас боловсруулсан тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 524.7 мянган иргэн тэтгэвэр авч байна.
Ахмадуудын дундаж тэтгэвэр 826,200 төгрөг байгаа бол бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 652,400 төгрөг байна.
Нийт тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь бага хэмжээний тэтгэвэр авдаг. Өөрөөр хэлбэл, олон ахмад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ч бага тэтгэврээр амьжиргаагаа залгуулж байна. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг ахмадууд тавьж ирсэн юм. Харин Засгийн газар ахмад настнуудын шаардсанчлан тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох боломжгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. Үнэндээ ч шаардлагатай эх үүсвэр байхгүй. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэхэд 4.1 их наяд төгрөг шаардана, боломжгүй” гэсэн хариултыг өгч байсан билээ.
Тэтгэвэр нь ажилласан жил болон төлсөн Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнээс хамааран тогтоогдох учиртай. Гэвч үе үеийн УИХ сонгууль угтан тэтгэвэртэй холбоотой хууль баталж ирсний улмаас Нийгмийн даатгалын сан ахмадуудын тэтгэврийг бүрэн санхүүжүүлэх боломжгүй болж, жил бүр улсын төсвөөс татаас авдаг болсон. Зөвхөн энэ жил Нийгмийн даатгалын санд улсын төсвөөс 1.9 их наяд төгрөгийн татаас олгож байна. Ийм нөхцөлд Засгийн газар бүр тэтгэврийн нэмэгдэлд болгоомжтой хандаж ирсэн юм. Харин Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн зөрүүг арилгана гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Учир нь ижил мэргэжлээр, ойролцоо хугацаанд ажиллаж тэтгэврээ тогтоолгосон хоёр иргэн хэдэн онд тэтгэвэрт гарснаасаа шалтгаалан өөр өөр хэмжээний тэтгэвэр авч байгаа. Жишээлбэл, 2014 онд тэтгэврээ тогтоолгосон ахмад 800 орчим мянган төгрөгийн тэтгэвэр авч байхад 2023 онд тэтгэвэрт гарсан иргэн 1.2 сая төгрөгийн тэтгэвэр авч байгаа тохиолдол бий.
Мөн улсад тасралтгүй 32 жил ажиллаж, НДШ төлсөн ахмад 792 мянган төгрөгийн тэтгэвэр авч байхад ажилласан жил нь цөөн ч НДШ-ээ нөхөн төлж тэтгэвэрт гарсан иргэн 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа жишээ ч байна.
Үүнээс гадна тэтгэврийг инфляцтай уялдуулан 10 орчим хувиар нэмэгдүүлэхэд өндөр тогтоогдсон тэтгэврийн нэмэгдэл илүү өндөр дүнтэй болдог. Өнгөрсөн хугацаанд Ардын намынхан итгэлцүүрээр тэтгэврийн зөрүүг арилгасан гэж ярьж ирсэн ч бодит байдал дээр удирдах албан тушаал хашиж байсан хүмүүсийн тэтгэвэр илүү нэмэгдсэн гэж шүүмжлэл дагуулсан. Тиймээс Их тэнгэрт хэлэлцэх тэтгэврийн шинэчлэлээр зөрүүг бодитоор арилгаж чадах эсэх нь ахмад настнуудын анхаарлыг хамгийн ихээр татаж байна.
Их тэнгэрт болох өргөтгөсөн хуралдаанд Засгийн газар тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой таван хувилбар танилцуулах юм. УИХ дахь МАН-ын бүлэг тэдгээрээс сонголт хийж, аль хувилбарыг дэмжихээ санал хураалтаар шийдэхээр байна.
Холбогдох албаныхны мэдээлснээр тэтгэвэр нь тогтоогдох ёстой хэмжээнээсээ багаар тогтоогдсон 162 мянган ахмадын асуудлыг эхний ээлжид хөндөхөөр байгаа аж.
Улсын хэмжээнд нийт 524.7 мянган иргэн тэтгэвэр авч байна. Тэдний дундаас 162 мянган иргэний тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал яригдвал үлдсэн хэсэг нь гомдолтой үлдэх эрсдэлтэй. Иймээс эрх баригчид аль болох нэг талыг хохироохгүй хувилбар сонгохыг оролдож магадгүй байна. Гэвч энэ тохиолдолд ч улсын төсөв тэтгэврийн нэмэгдэлд шаардагдах санхүүжилтийг дааж чадах эсэх асуудал давхар хөндөгдөнө.
Гэсэн ч ердөө жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлж, тэдний саналыг татах арга зам хайхгүй бол авлига, хээл хахуульд идэгдсэн Ардын намд улс төрийн аврах төлөвлөгөө үлдэхгүй болсон гэж үзэх хэсэг байна. Иймээс эрх баригчид ахмадуудыг тэтгэврийн бодлогоор дамжуулан дэмжих зорилгоор Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан зарлаад байна.