Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг Норвегийн Осло хот руу тээвэрлэж явсан нисэх онгоц Молдовоос хөөрөх үеэрээ нисгэгчгүй онгоцтой мөргөлдөх шахсан талаар Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Сторе мэдээлжээ.
Зеленский Норвегийн хааны оршуулгын ёслолд оролцохоор зорчиж байсан бөгөөд Мягмар гарагт Молдовоос хөөрснийхөө дараа ийм аюултай нөхцөлтэй тулгарсан гэж Сторе NRK олон нийтийн телевизэд ярьсан байна.
“Энэ бол түүнд тулгарч буй бодит аюулын нэг илрэл”
Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Сторе энэ талаар:
“Түүний онгоц Молдовоос хөөрөх гэж байхдаа нисгэгчгүй онгоцтой мөргөлдөх шахсан. Энэ бол түүнд тулгарч буй бодит аюулын нэг илрэл” гэжээ.
Гэхдээ Сторе уг мэдээллийг ямар эх сурвалжаас авсан болон дрон Зеленскийгийн онгоцонд яг хэр ойртсон талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.
Молдова улсын эрх баригчид Норвегийн Ерөнхий сайдын мэдэгдэлтэй холбоотойгоор одоогоор тусгай тайлбар хийгээгүй гэж эх сурвалж мэдээлжээ.
Молдовын агаарын орон зайд Оросын хоёр дрон нэвтэрсэн байна
Мягмар гарагт Кишинёв хотын нисэх буудлын хөөрөх болон буух нислэгүүдийг хэсэг хугацаанд зогсоосон байна.
Үүний шалтгаан нь Молдовын агаарын орон зайд Оросын хоёр нисгэгчгүй онгоц нэвтэрсэнтэй холбоотой байжээ.
Хоёр дроны нэг нь эзгүй талбайд унаж шатсан бол нөгөө нь нислэгээ үргэлжлүүлэн хөрш Румын улсын агаарын орон зайд орсон байна.
Майя Санду аюул заналхийллийг буруушаав
Молдовын Ерөнхийлөгч Майя Санду болсон явдлыг буруушааж, уг халдлага “хүмүүсийн амьдралд ноцтой аюул занал учруулж байна” гэж мэдэгджээ.
Мөн Украинтай залгаа хилийн бүсэд хоёр хүн амиа алдсанд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
Зеленский Ослод оршуулгын ёслолд оролцжээ
Володимир Зеленский Лхагва гарагт Осло хотод Норвегийн хаан V Харальдын оршуулгын ёслолд оролцсон бөгөөд ёслол дууссаны дараа нутаг буцсан байна.
Үүнээс өмнө Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Сторе Украины агаарын довтолгооноос хамгаалах асуудлаар Зеленскийтэй Мягмар гарагийн орой уулзахаар төлөвлөж буйгаа мэдээлж байжээ.
Ийнхүү Зеленскийг тээвэрлэж явсан онгоц дронтой мөргөлдөх шахсан гэх мэдээлэл гарсан нь бүс нутгийн агаарын аюулгүй байдал болон нисгэгчгүй онгоцны эрсдэлийн асуудлыг дахин анхаарлын төвд оруулж байна.