“A Witch’s Life in Mongol” мангагаас сэдэвлэсэн хүүхэлдэйн цуврал ирэх долдугаар сард цацагдана

Япон улсад 2021 оноос хойш “A Witch’s Life in Mongol” нэртэй манга цуврал гарч эхэлсэн бөгөөд энэ бүтээл одоо хүүхэлдэйн цуврал болон дэлгэцэд шилжихээр болжээ.

Тус манга нь түүхэн бодит хүний амьдралаас сэдэвлэсэн бүтээл юм. Тодруулбал, XIII зууны үед Өгэдэй хааны зургаа дахь хатан Дөргөнэгийн шивэгчин байсан Фатимагийн тухай дүрслэлд тулгуурлан зохиосон байна.

Түүхийн сударт өгүүлснээр, Их хаан таалал төгссөний дараах таван жил буюу 1241-1246 оны хооронд Дөргөнэ хатан Их Монгол Улсын төрийг атгаж байсан гэж үздэг. Харин энэ мангад Фатимаг Дөргөнэ хатны дэргэд байдаг, шулмын зан үйлтэй холбон дүрсэлсэн шивэгчин байдлаар гаргажээ.

Зохиолын үйл явдалд өнөөгийн Ираны эртний Тус хотыг Их Монгол Улсын цэрэг эзэлсний дараа боолын солилцоогоор Хархорумд ирсэн Шитара хэмээх бүсгүй гардаг. Тэр нэрээ Фатима болгон өөрчилсний дараа гэр бүлийг нь хөнөөсөн монгол цэргүүдээс өшөө авахаар зорьдог талаар мангад өгүүлдэг байна.

Фатима Дөргөнэ хатантай яг хэрхэн холбогдсон нь түүхэн эх сурвалжуудад бүрэн тодорхой бус байдаг. Гэхдээ Монголын эзэнт гүрний перс гаралтай түүхч Ата Малик Жувейнигийн тэмдэглэлд түүнийг боолын захаас Дөргөнэ хатны ордонд ирсэн гэж дурдсан байдаг.

Энэхүү түүхэн хүний амьдралаас санаа авсан мангаг “Tomato Soup” нэрээр уран бүтээлээ туурвидаг зураач бүтээсэн бөгөөд Акита Шотен хэвлэлийн компани 2022 онд олны хүртээл болгожээ.

Японд өргөн алдаршсан энэ бүтээл 2023 оны шилдэг мангаар нэрлэгдсэн бөгөөд хамгийн сүүлд 2025 оны дөрөвдүгээр сард тав дахь ботийг нь хэвлүүлсэн байна. Үүний дараа уг бүтээлийг телевизийн цуврал болгохоор төлөвлөж байгаагаа өнгөрсөн онд албан ёсоор зарласан юм.

“Jaadugar: A Witch in Mongolia” нэртэйгээр гарах энэхүү цувралыг Kyoto Animation студийн ерөнхий найруулагч Наоко Ямада, мөн Science SARU студийн Испани найруулагч Абел Гонгора нар хамтран бүтээж байгаа аж.

Шинэ хүүхэлдэйн цувралыг ирэх долдугаар сард олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу