Айчи-Нагоя 2026: Б.Болор-Эрдэнэ Лаосын тамирчныг 4:0-ээр бут ниргэлээ

Японы Нагоя хот болон Айчи мужийн ойролцоох хотуудад үргэлжилж буй “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын ширээний теннисний тэмцээнд Монголын тамирчин Б.Болор-Эрдэнэ амжилттай тоглож, дараагийн шатанд шалгарлаа.

Ширээний теннисний тэмцээн есдүгээр сарын 20-28-ны өдрүүдэд “Sky Hall Toyota” ордонд болж байна. Эхний өдрүүдэд багийн төрлүүд явагдсан бол өнөөдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, эрэгтэй хос болон холимог хосын тоглолтууд үргэлжилжээ.

Б.Болор-Эрдэнэ нэг ч үе алдалгүй яллаа

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын тамирчин Б.Болор-Эрдэнэ Лаосын Чоутипон Сисомбоуныг 4:0 харьцаагаар буулган авчээ.

Тэрээр өрсөлдөгчөө 11:4, 11:8, 11:3, 11:6 гэсэн онооны харьцаагаар дараалан ялж, нэг ч үе алдалгүй дараагийн даваанд шалгарсан байна.

Ингэснээр Б.Болор-Эрдэнэ дараагийн шатанд Хонконгийн Хой Кем Доотой өрсөлдөхөөр болжээ.

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцсон С.Бүрэнжаргал Узбекистаны Асел Эркебаевад ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

Холимог хосын Монголын баг Малдивт ялагдав

Өмнөх өдөр Балбын хосыг ялсан С.Анхмаа, А.Билгүүн нарын холимог хос өнөөдөр Малдивийн тамирчидтай өрсөлджээ.

Тэд таван үе үргэлжилсэн тоглолтын эцэст 2:3 харьцаагаар ялагдаж, тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон байна.

Ихэр тамирчид Хятадын хостой тоглоно

Эрэгтэйчүүдийн хосын төрөлд Монгол Улсыг ихэр тамирчид болох Б.Энхтөгөлдөрбаясгалан, Б.Энхтамирбаясгалан нар төлөөлж байна.

Тэд эхний тойргийг тоглолтгүй өнгөрүүлсэн бөгөөд хоёрдугаар даваанд БНХАУ-ын тамирчидтай өрсөлдөх хуваарьтай аж.

Ийнхүү “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын ширээний теннисний тэмцээнд Монголын тамирчдын өрсөлдөөн үргэлжилж байгаа бөгөөд Б.Болор-Эрдэнэ эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дараагийн шатанд шалгараад байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу