АЙЧИ-НАГОЯ 2026: К.Ёолк алтан медалийн төлөө, Г.Наранцэцэг, Б.Уранзаяа хүрлийн төлөө барилдана

Айчи-Нагоя 2026 наадмын жүдо бөхийн тэмцээн Японы Нагоя хот дахь Айчи олон улсын ордонд эхэлж, Монголын жүдочид эхний өдрөөсөө медалийн төлөөх барилдаанд шалгарлаа.

Тэмцээний уламжлалт хуваарийн дагуу эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаанууд болж байна.

Монголын багийн хувьд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Казирбекийн Ёолк амжилттай барилдаж, шигшээ барилдаанд шалгарчээ.

К.Ёолк гурван өрсөлдөгчөө дараалан яллаа

К.Ёолк эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд дараагийн даваанд Афганистаны Хикматуллах Рахманитай барилджээ. Монголын жүдоч өрсөлдөгчөө цэвэр ялж, тэмцээнээ итгэлтэй үргэлжлүүлсэн байна.

Үүний дараа Тажикистаны Нурали Эмолитой учраа таарч, вазари үнэлгээгээр ялснаар хагас шигшээд шалгарчээ.

Хагас шигшээ барилдаанд Казахстаны Гусман Кыргызбайевтай хүч үзсэн К.Ёолк мөн вазари үнэлгээгээр ялалт байгуулсан байна.

Ингэснээр тэр Айчи-Нагоя 2026 наадмын алтан медалийн төлөө Узбекистаны Абдурахим Нутфуллоевтой барилдахаар боллоо.

Монголын хоёр эмэгтэй жүдоч хүрлийн төлөө өрсөлдөнө

Эмэгтэйчүүдийн жинд ч Монголын тамирчид медалийн боломжоо хадгалж байна.

48 кг-ын жинд Ганбаатарын Наранцэцэг хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Асмита Дейтэй барилдана.

Харин 52 кг-ын жинд Б.Уранзаяа хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Аоюү Шүтэй учраа таарчээ.

Ийнхүү жүдо бөхийн тэмцээний эхний өдөр Монголын гурван тамирчин медалийн төлөө барилдахаар болж, К.Ёолк аваргын төлөө, Г.Наранцэцэг болон Б.Уранзаяа нар хүрэл медалийн төлөө татамид гарах гэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу