Астанагийн дэвжээнд Монголын дэлхийн медальт дөрвөн бөх өнөөдөр хүч үзнэ

Казахстаны Астана хотод үргэлжилж буй чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэй бөхчүүд өнөөдөр өрсөлдөөнөө эхлүүлнэ.

Эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жингийн урьдчилсан шатны барилдаан өнөөдөр болох бөгөөд Монгол Улсаас ДАШТ-ий медальтай дөрвөн тамирчин дэвжээнд гарахаар байна.

Д.Отгонжаргал “Парис-2024”-өөс хойших анхны тэмцээндээ барилдана

50 кг-ын жинд ДАШТ-ий нэг хүрэл, хоёр мөнгөн медальт Д.Отгонжаргал Мароккогийн Хажар Канебтай эхний барилдаанаа хийхээр оноолт таарчээ.

Түүний хувьд “Парис-2024” олимпын наадмаас хойш оролцож буй анхны тэмцээн нь энэ болж байна.

57 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан Бразилын Жуллиа Пеналбертэй хүч үзнэ.

65 кг-ын жинд дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж буй, ДАШТ-ий хүрэл медальт Т.Энхжин эхний тойрогт гоц мөргөсөн байна.

Харин 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан ОХУ-ын Марииа Силинатай барилдахаар болжээ.

Эмэгтэйчүүдийн урьдчилсан шатны барилдаан 13:30 цагаас эхлэх бөгөөд “Боловсрол” телевизээр орон даяар шууд дамжуулах юм.

М.Даваабанди ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүлэв

Энэ жилийн ДАШТ-ий сонгомол бөхийн төрөл өнөөдөр өндөрлөх бөгөөд Монгол Улсаас гурван тамирчин оролцсон байна.

Тэднээс 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер М.Даваабанди хамгийн өндөр амжилт үзүүлж, шагналт тавдугаар байр эзэлжээ.

Тэрбээр тэмцээнийхээ талаар:

“Шигшээд шалгарах зорилготой ирээд шагналт 5-р байрт орлоо. Бидэнд ДАШТ, олимпоос медаль авах боломж маш ойрхон байгаа. Биднийг дэмждэг Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа, цаашдаа хичээх болно оо”

хэмээн ярьсан байна.

М.Даваабанди эхний тойрогт Болгарын бөх, энэ оны Европын аваргын хүрэл медальт Стефан Григоровыг 8:0 харьцаатай ялжээ.

Үүний дараа Азербайжаны бөх, дэлхийн дөрвөн удаагийн аварга Эльданиз Азизлид ялагдсан байна. Азизли шигшээ барилдаанд шалгарснаар М.Даваабанди дагах барилдаанд оролцох эрхтэй болж, Беларусын Александр Гуревийг ялжээ.

Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд 2025 оны дэлхийн аварга, Гүржийн Вахтанг Лолуад ялагдсанаар тавдугаар байрт шалгарсан байна.

Ийнхүү сонгомол бөхийн төрөл өндөрлөж буй энэ өдөр Монголын эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн дэлхийн медальт дөрвөн тамирчин Астанагийн дэвжээнд медалийн төлөөх өрсөлдөөнөө эхлүүлэх гэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу