Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгохыг ШТС-уудад дахин санууллаа

Шатахууны хангамжтай холбоотой асуудлаар ажиллаж буй Шуурхай штаб ээлжит мэдээллээ хийж, импорт, тээвэрлэлтийн нөхцөл болон шатахуун түгээх станцуудын зохион байгуулалтын талаар танилцууллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамирын мэдээлснээр шатахууны үнэ өнгөрсөн хугацаанд өссөн бөгөөд арваннэгдүгээр сарын импортын мэдээлэл одоогоор бүрэн гараагүй байна. Урьдчилсан байдлаар захиалгын хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа бол үнийн түвшин бага зэрэг буурах боломжтой гэж үзэж байгаа аж.

Тэрбээр:

“Өнгөрсөн хугацаанд шатахууны үнэ өссөн ч арваннэгдүгээр сарын мэдээлэл нь хараахан ирж амжаагүй байна. Урьдчилсан байдлаар нийт захиалгын тоо өсөх магадлалтай. Үнийн хэмжээ бага зэрэг буурах магадлалтай байгаа.

Зөвхөн ОХУ-аас импортолж байгаа шатахууны хэмжээ Монгол Улсын нэг сарын хэрэглээг бүрэн хангахгүй байгаа тул үлдэгдлийг нь БНХАУ болон гуравдагч улс орнуудаас худалдаж авахаар ажиллаж буй.

Үүний хүрээнд БНСУ-ын талаас шатахуун худалдаж авах гэрээ байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Эхний ээлжид манай компаниуд БНХАУ-ын нутгаар дамжуулан хүлээн авахаар төлөвлөсөн. Энэ сард хийсэн захиалга буюу 12,000 тонн АИ92 шатахууныг ирэх сарын эхээр хүлээж авах болов уу. Цаашид нөхцөл байдлаас шалтгаалан гуравдагч орнуудаас авах шатахууны хэмжээг нэмэхээр хичээж байгаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын төмөр замыг завсарлах ажил явагдсан тул манайд орж ирэх шатахууны тээвэрлэлтэд саатал гарч, улмаар хомсдол нэмэгдсэн. Мөн зарим нутагт цас их орсонтой холбоотойгоор тээвэрлэлтийн эрчим саарсан.

Үүнтэй холбоотойгоор төв магистраль шугамын дагуу байгаа шатахуун түгээх станцын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар болсон. Мөн ээлж солих хугацааг ажил эхлэх болон дуусах цагаар бус 11:00 цагаас хийлгэхээр шатахуун түгээх станцуудад үүрэг өгсөн.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хуульд заасан 43.1.3 дугаар заалтыг хэрэгжүүлэхийг аж ахуйн нэгжүүдэд санууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүний эрхийн тухай хуульд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон асран хамгаалагчид нь дараалалгүй олгох асуудлыг цагдаагийн ерөнхий газраас хянана” гэв.

БНСУ-аас АИ-92 шатахуун авахаар бэлтгэж байна

ОХУ-аас орж ирэх шатахууны хэмжээ Монголын сарын нийт хэрэглээг бүрэн нөхөж чадахгүй байгаа тул нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Үүний хүрээнд БНХАУ болон бусад гуравдагч орноос шатахуун авахын зэрэгцээ БНСУ-тай гэрээ байгуулах бэлтгэл хийж байна. Энэ сард захиалсан 12 мянган тонн АИ-92 бензинийг ирэх сарын эхээр БНХАУ-ын нутгаар дамжуулан хүлээж авахаар төлөвлөжээ.

Шуурхай штабын мэдээллээр ОХУ-ын төмөр замд хийсэн засварын ажил болон зарим бүс нутагт орсон их цас импортын тээвэрлэлтийг удаашруулж, шатахууны хомсдол нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Иймээс төв магистраль зам дагуух зарим шатахуун түгээх станцын ажиллах цагийн зохицуулалтыг өөрчилж, ажилтнуудын ээлж солилцох хугацааг 11:00 цагт хийх чиглэл өгчээ.

Дараалалгүй үйлчлэх зохицуулалтыг мөрдүүлэхийг сануулав

Шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх үед хуульд заасан дараалалгүй үйлчлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхийг аж ахуйн нэгжүүдэд дахин сануулсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүний асран хамгаалагчид шатахуун авахдаа дараалал хүлээхгүй байх зохицуулалтын хэрэгжилтэд Цагдаагийн ерөнхий газар хяналт тавихаар болжээ.

Ингэснээр шатахууны нийлүүлэлт хүндрэлтэй байгаа үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээ авах эрхийг бодитоор хангахыг шатахуун түгээх аж ахуйн нэгжүүдээс шаардаж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу