Аймгийн шинэ арслан С.Жавхлан 256 бөхийн барилдаанд түрүүлж, түүхэн амжилт давтлаа

Баянзүрх дүүргийн Ардчилсан намын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн намрын улирлын нээлтийн барилдаан болж, 256 бөх хүч үзсэнээс аймгийн шинэ арслан С.Жавхлан түрүүлжээ.

Булган аймгийн Хангал сумын харьяат С.Жавхлан энэ жил Булган аймгийнхаа баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм. Улмаар шинэ цол авсныхаа дараа аймаг, цэргийн цолтнуудын намрын нээлтийн барилдаанд түрүүлсэн тав дахь бөх болж байна.

Дархан аварга Б.Түвдэндоржийн удмын бөх гэгддэг С.Жавхлан энэ удаагийн барилдаанд дараах бөхчүүдийг давжээ.

  • Нэгийн даваанд аймгийн начин Л.Энхболд
  • Хоёрын даваанд аймгийн нэмэх начин Б.Лхагва-Очир
  • Гурвын даваанд цэргийн начин А.Дорждэрэм
  • Дөрвийн нугалаанд аймгийн арслан Х.Чойжилсүрэн
  • Бага шөвөгт аймгийн харцага Б.Ренчинжүгдэр
  • Шөвгийн наймд аймгийн арслан Б.Түвшинтөгс
  • Их шөвөгт аймгийн арслан М.Баяржавхлан
  • Түрүү, үзүүрийн барилдаанд аймгийн хурц арслан Ц.Төмөрцоож

Ингэснээр тэрээр найман даваа давж, 256 бөхийн барилдааны түрүүг хүртсэн байна.

Өмнөх дөрвөн бөхийн амжилтыг С.Жавхлан үргэлжлүүлэв

С.Жавхлан одоогоор “Алдар” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Булган” дэвжээнд харьяалагдан бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аж.

Түүнээс өмнө аймгийн арслан цол хүртсэнийхээ дараахан аймаг, цэргийн цолтны намрын нээлтийн барилдаанд түрүүлсэн дөрвөн бөх байдаг. Тодруулбал, 1994 онд дархан аварга Г.Өсөхбаяр, 2004 онд улсын начин На.Баярмагнай, 2006 онд улсын начин Ш.Тогтохбаяр, 2018 онд улсын начин Э.Баасанжав нар ийм амжилт үзүүлж байжээ.

С.Жавхлан ийнхүү дээрх бөхчүүдийн амжилтыг үргэлжлүүлж, шинэ цолтойгоо томоохон түрүү авсан тав дахь бөх боллоо.

Ц.Төмөрцоож үзүүрлэж, шилдэг бөхчүүд шөвгөрөв

Барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Ц.Төмөрцоож үзүүрлэжээ.

Их шөвөгт Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан М.Баяржавхлан болон Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Ж.Хатанзоригт нар шалгарсан байна.

Харин дунд шөвөгт аймгийн арслан Б.Баянсүх, Б.Түвшинтөгс, С.Майнбаяр болон цэргийн арслан Д.Цэрэнням нар үлджээ.

Ийнхүү намрын улирлын нээлтийн 256 бөхийн барилдаан аймгийн шинэ арслан С.Жавхлангийн түрүүгээр өндөрлөсөн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу