Францад ахлах ангийн сурагчид болон оюутнуудын зарим эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирсны улмаас учирсан хохирлын хэмжээ “дор хаяж 30 сая евро”-д хүрчээ. Энэ талаар Францын Боловсролын яамнаас эш татан Agence France-Presse мэдээлсэн байна.
Тус агентлагийн эх сурвалж бүс нутгийн эрх баригчдын тайланд үндэслэн дээрх дүнг баталжээ. Эрх баригчдын мэдээлснээр, жагсаал цуглааны идэвх “илт буурч” байгаа бөгөөд энэ хандлага хэд хоногийн турш ажиглагдаж байна.
Одоогоор эсэргүүцлийн хөдөлгөөн илүү орон нутгийн шинжтэй болж, зарим газар нутгийн улс төрийн нөхцөл байдал, зарим тохиолдолд тухайн бүс нутагт бодитоор тулгарч буй асуудлуудтай холбоотойгоор үргэлжилж байгаа аж. 10-р сарын 9-нд эсэргүүцлийн улмаас хаагдсан 141 боловсролын байгууллагын ихэнх нь нийслэлийн Иль-де-Франс бүсэд, мөн улсын хойд болон баруун хэсэг, Лион хотын орчимд байрлаж байна.
Ахлах ангийн сурагчдын эсэргүүцлийн жагсаал 9-р сарын сүүлээр Иль-де-Франс бүсээс эхэлж, өдгөө Франц даяар тархжээ.
Жагсагчид хэт ачаалалтай хичээлийн хуваарь, багшийн хүрэлцээ муу болон боловсролын тогтолцооны бусад асуудлыг эсэргүүцэж байна. Зарим газарт жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч, цагдаагийнхантай мөргөлдөөн гарчээ.
Сүүлийн мэдээллээр, эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш бараг 6.9 мянган хүн цагдан хоригдсон бөгөөд тэдний 86% нь насанд хүрээгүй хүмүүс байна.