“Айчи-Нагояа 2026” Азийн зуны спортын XX наадамд Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг өрсөлдөх бөгөөд бүрэлдэхүүнд “Улаанбаатар Амазонс” багийн тоглогч Амари Робинсон багтжээ.
Өмнө нь Монголд легионероор тоглож байсан 26 настай Робинсон Монголын шигшээ багийн албан ёсны өмсгөлийг гардан авч, 32 дугаартай тоглох болсон байна.
Амари Робинсон шигшээ багийн бүрэлдэхүүнд орлоо
184 см өндөртэй Амари Робинсон Монголын эмэгтэй шигшээ багийн довтолгоо, хамгаалалтад чухал нэмэр болно гэж сагсан бөмбөгийн хүрээнийхэн үнэлж байгаа аж.
Тэрээр өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатар хотод болсон 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай тоглож, шилдэг тоглогчоор шалгарсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр Амари Робинсон Монголын иргэншилтэй болж, улмаар үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ.
NCAA-аас Европ, Австрали хүртэл тоглосон туршлагатай
Амари Робинсон 2024 онд Clemson University-ийг төгссөн бөгөөд оюутан байхдаа NCAA-ийн I дивизионд тоглож байжээ.
Мөн тэрээр Атлантын эргийн бүсийн шилдэг тоглогчдын жагсаалт болох All-ACC-д багтаж байсан туршлагатай.
Мэргэжлийн түвшинд Итали улсын “San Martino di Lupari”, Австралийн NBL1 лигийн “Mackay Meteorettes” багуудад тоглож байсан нь түүний олон улсын туршлагыг нэмэгдүүлсэн байна.
Монголд ирснээсээ хойш “Улаанбаатар Амазонс” багт тоглож, 3×3 төрлөөр ч өндөр амжилт үзүүлсэн нь шигшээ багт дуудагдах гол үндэслэлийн нэг болжээ.
Монголын баг “С” хэсэгт тоглоно
Монгол Улсын эмэгтэй шигшээ “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын “С” хэсэгт багтсан байна.
Манай баг ирэх баасан гарагт Тайванийн шигшээтэй эхний тоглолтоо хийх бөгөөд энэ тоглолтоор хэсгийн өрсөлдөөнөө эхлүүлнэ.
Амари Робинсон шигшээд нэмэгдсэнээр Монголын баг самбар доорх тоглолт, довтолгооны хувилбар болон хамгаалалтын хүчээ нэмэгдүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Ийнхүү Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ “Айчи-Нагояа 2026”-д шинэ бүрэлдэхүүнтэйгээр өрсөлдөхөд бэлэн болж, Амари Робинсон 32 дугаартай өмсгөлтэй талбайд гарахаар болжээ.