Б.Одмандах “Meikin Asia” олон улсын наадамд Монголыг төлөөлөн өрсөлдөнө

Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссык-Куль нуурын хөвөөнд өнөөдөр буюу наймдугаар сарын 31-нд “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадам эхлэх гэж байна. Тус наадамд Монгол Улсаас Улсын филармонийн “Морин хуурын чуулга”-ын флейт хөгжимчин, “Баянмонгол чуулга”-ын дуучин Б.Одмандах өрсөлдөхөөр болжээ.

Хөгжимчин, дуучин Баяраагийн Одмандах өнөө өглөө Киргизстан Улсыг зорьсон байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг энэ жил Киргизстан Улс Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын соёлын хөтөлбөр болон түүнтэй холбоотой арга хэмжээнүүдийн хүрээнд зохион байгуулах юм.

Энэ удаагийн наадам олон улсын этно-фестиваль гэсэн шинэ тодотголтой болж, “Echo of Nomads Көчмөндөр Жаңырыгы” буюу “Нүүдэлчдийн цуурай” нэрийн дор явагдана. Наадмын ялагчийг есдүгээр сарын 6-нд тодруулах аж.

Иссык-Куль нуурын эрэг дээрх Чолпон-Ата хотноо эхлэх “Нүүдэлчдийн цуурай” наадмын зохион байгуулагчид Төв Ази, Европ, Ойрх Дорнодын уламжлалт нүүдэлчдийн соёлын өв, язгуур хөгжмийг орчин үеийн хөгжмийн урсгалуудтай хослуулан дэлхий дахинд шинэлэг өнгө төрхтэйгээр танилцуулахыг зорьж байна. Тухайлбал, этно-поп, фолк-рок, электро зэрэг урсгалаар дамжуулан нүүдэлчдийн өв соёлыг өнөөгийн хөгжмийн хэлээр илэрхийлэх юм.

Энэхүү уралдаан нь нүүдэлчин түмний соёл иргэншил дэлхийн соёлын өвийн чухал хэсэг хэвээр байгааг харуулахын зэрэгцээ орчин үеийн хөгжим, бүтээлч төслүүдэд урам зориг өгсөөр буйг илтгэх зорилготой байна.

Оролцогчид хоёр төрөлд өрсөлдөнө. “Ethno Hit” буюу үндэсний хит төрөлд үндэсний хэл дээрх бүтээлүүдийг орчин үеийн найруулгатайгаар толилуулах бол “World Hit” буюу дэлхийн хит төрөлд олон улсын шилдэг бүтээлүүдийг өөрийн гэсэн өвөрмөц найруулга, тайлбартайгаар хүргэх юм.

Киргизийн “Угсаат адуу, морин спорт хийгээд угсаатны соёлын хөгжлийн улсын төв” болох Бактуу-Долоноту ипподромын тайзнаа энэ удаа Монгол, Киргиз, Казахстан, Орос, Турк, Куба, Мексик, Итали, АНУ, Испани, Өмнөд Солонгос зэрэг 20 орны 21 уран бүтээлч оролцоно. Тэд тус бүр хоёр дууны бүтээлээрээ өрсөлдөх аж.

Ийнхүү Б.Одмандах Монголын уран бүтээлчийн хувиар “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадамд оролцож, нүүдэлчдийн соёл, үндэсний хөгжмийн өнгө аясыг олон улсын тайзнаа хүргэхээр боллоо.

Б.Одмандах “Meikin Asia” олон улсын наадамд Монголыг төлөөлөн өрсөлдөнө
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу