Байгаль, түүх, соёлын онцгой үнэ цэнтэй Богдхан ууланд нутагладаг зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг саадгүй үргэлжлүүлэх зорилгоор экологийн гарц байгуулахаар болжээ.
Богдхан уул нь халиун буга, бор гөрөөс, хүдэр, булга, туулай зэрэг олон төрлийн зэрлэг амьтны амьдрах орчин юм. Гэвч сүүлийн жилүүдэд хотжилт эрчимжиж, авто болон төмөр зам, хашаа байгууламж нэмэгдсэнээр амьтдын уламжлалт нүүдэл, шилжилтийн зам улам бүр хумигдаж байгаа аж.
Ялангуяа халиун буга, бор гөрөөс зэрэг амьтан Туул гол руу очих, буцаж гарахдаа хөдөлгөөний олон саадтай тулгардаг болсон байна. Үүний улмаас авто замын осолд өртөх, зэрлэг нохойд хөөгдөх, хашаа болон бусад байгууламжийн завсарт хавчигдах зэрэг эрсдэл давтагдан гарсаар байгаа юм.
Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд БОУАӨ-ийн сайдын зөвлөлийн гишүүн, Монголын байгаль хамгаалагчдын холбооны гүйцэтгэх захирал, биологич С.Баярхүү, БОУАӨ-ийн сайдын зөвлөх Ё.Онон болон холбогдох байгууллага, мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл хамтран ажиллаж, экологийн гарц байгуулах эхний байршлыг эцэслэн сонгожээ.
Уг гарцыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулахаар төлөвлөсөн бөгөөд зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэллэх боломжийг нэмэгдүүлэх, амьдрах орчны тасарсан холбоосыг сэргээх, зам тээврийн осол болон бусад эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна.
Талууд өмнө нь байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгээ бодит ажил болгон хэрэгжүүлж, экологийн гарцыг богино хугацаанд барьж байгуулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлжээ. БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр гарц байгуулахаар сонгосон байршилд ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах үеэрээ энэ ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Богдхан уулыг 1996 онд ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэсэн байдаг. Тус бүсэд нутагладаг халиун буга, бор гөрөөс, хүдэр, булга зэрэг зэрлэг амьтад нь шим мандлын нөөц газрын экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой аж.
