Азийн наадам болон жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх чухал сорилтуудын нэг болох чансааны оноо олгох Будапештийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр Унгарын нийслэлд эхэлж байна.
Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд явагдах бөгөөд эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг, эрэгтэйчүүдийн -60 болон -66 кг-ын жингийн өрсөлдөөн 15:00 цагаас эхлэх хуваарьтай байна.
67 орны 500 гаруй жүдоч оролцоно
Энэ удаагийн “Их дуулга”-д дэлхийн 67 орны 500 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Оролцогчдын дунд олимпын мөнгө, хүрэл медальт Италийн Одэтт Жиуффрида, дэлхийн аварга Неманья Маждов, олимпын мөнгөн медальт Теодорос Целидис, мөн дэлхийн аварга болон олимпын медальт Раза Хершко зэрэг нэр хүндтэй жүдочид багтаж байна.
Монголын багийг Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар удирдах бөгөөд эрэгтэйчүүдийн гурван жин, эмэгтэйчүүдийн дөрвөн жинд нийт есөн тамирчин хүч үзнэ.
Монголын жүдочдын бүрэлдэхүүн:
- Эрэгтэй -60 кг: Н.Мэндсайхан
- Эрэгтэй -66 кг: Ө.Бямбасүрэн, Ө.Жанцандорж
- Эрэгтэй -73 кг: Л.Энхдөл, Л.Анхзаяа
- Эмэгтэй -48 кг: гавьяат тамирчин Б.Баасанхүү
- Эмэгтэй -52 кг: Б.Уранзаяа
- Эмэгтэй -57 кг: Л.Сосорбарам
- Эмэгтэй -78 кг: О.Хүслэн
-73 кг-ын жинд өрсөлдөөн хамгийн өндөр байна
Энэ жилийн Будапештийн “Их дуулга”-д эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд хамгийн олон буюу 65 жүдоч бүртгүүлжээ.
Харин эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд 34 тамирчин өрсөлдөх бөгөөд энэ жинд Монголын гавьяат тамирчин Б.Баасанхүү хүч үзэх юм.
Ийнхүү Монголын жүдочид Азийн наадам болон ДАШТ-ий өмнөх чухал чансааны онооны төлөө Будапештэд барилдахаар бэлэн болоод байна.
Тэмцээн нийт гурван өдөр үргэлжилж, ням гарагт өндөрлөнө.