Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ цэцэрлэг өнөөдөр албан ёсоор ашиглалтад оржээ.
Тус цэцэрлэгийг “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд “Оюутолгой” ХХК-ийн “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр барьж байгуулсан байна.
Шинэ цэцэрлэг нь хүүхдийн нас, хөгжлийн хэрэгцээнд нийцсэн өрөө, танхим болон сургалтын орчинтой бөгөөд ашиглалтад орсон өдрөөсөө эхлэн багачуудыг хүлээн авч эхэлжээ.
Цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэнэ
Шинэ байгууллага ашиглалтад орсноор Даланзадгад сумын сургуулийн өмнөх боловсролын хүртээмж сайжрах боломж бүрдэж байна.
Мөн нэг багшид ногдох хүүхдийн тоо буурч, багш болон бусад ажилтнуудын өдөр тутмын ажлын ачаалал багасах нөхцөл бүрдэх аж.
Аймгийн зүгээс энэ өөрчлөлт нь зөвхөн цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхээс гадна хүүхдүүдэд үзүүлэх сургалт, хүмүүжлийн үйлчилгээний чанарт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Ийнхүү Даланзадгад сумын 6 дугаар багт шинээр ашиглалтад орсон 200 хүүхдийн цэцэрлэг орон нутгийн сургуулийн өмнөх боловсролын ачааллыг бууруулж, хүүхдүүдийг илүү хүртээмжтэй орчинд суралцах боломжтой болгожээ.