Европын нэр хүндтэй хөгжмийн наадам болох “Евровидение”-г дэлхийн олон үзэгч сайн мэддэг. Энэ жил 70 жилийн ойтойгоо золгож буй тус тэмцээн ойгоо тохиолдуулан Азийн зах зээлд зориулсан шинэ хувилбар гаргахаар болсноо зарлалаа.
Наадмыг зохион байгуулах хороог тэргүүлж буй Мартин Грин энэ талаар мэдэгдэхдээ “Бид 70 жилийн ойгоороо Ази гэсэн шинэ хуудас нээх гэж байна. Ази бол авьяасаар бялхсан, соёл урлагийн өргөн уламжлалтай тив. „Евровидение“ энэ тивтэй хамтран жинхэнэ онцгой шоу хийх болно” хэмээн онцолжээ.
Азийн хэд хэдэн улс оролцохоо илэрхийлээд байна
Одоогийн байдлаар Азийн хувилбарт БНСУ, Бутан, Тайланд, Филиппин, Бангладеш, Камбож, Лаос, Малайз, Балба, Вьетнам зэрэг улс нэгдэхээр болоод байна. Мөн ойрын хугацаанд Монгол зэрэг бусад орон ч оролцогчдын эгнээнд багтах магадлалтай байгаа аж.
Энэхүү шинэ тэмцээний финалд өрсөлдөхийн тулд оролцох улс бүр эхлээд дотооддоо үндэсний сонгон шалгаруулалт явуулах юм байна. Наадмын дүрмийн дагуу оролцох бүтээл нь цоо шинэ дуу байх ёстой бөгөөд дуучид тайзан дээр амьдаар дуулах шаардлагатай. Ялагчийг мэргэжлийн шүүгчдийн үнэлгээ болон үзэгчдийн саналын нийлбэрээр тодруулах юм.
Анхны тэмцээн Бангкокт болно
Наадмыг оролцогч бүх улс орон шууд дамжуулах боловч онцгой эрхийг Тайландын Channel 3 суваг эзэмшихээр болжээ. Мөн European Broadcasting Union, Voxovation, S2O Productions байгууллагууд хамтран зохион байгуулагчаар ажиллах юм байна.
“Eurovision Song Contest Asia” нэртэй анхны тэмцээн Тайландын Бангкок хотод арваннэгдүгээр сарын 14-нд зохион байгуулагдахаар товлогджээ.
“Евровидение” анх 1956 онд эхэлж байсан түүхтэй. Энэ тайзнаас ABBA хамтлаг, Селин Дион зэрэг уран бүтээлчид дэлхийд танигдаж, олон улсын хөгжмийн ертөнцөд хүчтэй гарч ирсэн билээ.