Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин гэх газарт баавгай айлын гэр дээр гарч, унь хугалсан гэх тохиолдол бүртгэгджээ.
Тухайн айл намаржиж байсан бөгөөд хэрэг гарах үед гэрт хүн байгаагүй байна. Айлынхан баавгайг өөрсдөө хараагүй ч үлдсэн мөр, эвдрэлээс нь баавгай байсан гэж үзэж байгаа аж.
Хөвсгөлийн 12 суманд 28 удаа баавгай орж иржээ
Есдүгээр сарын 16-ны байдлаар Хөвсгөл аймгийн 12 суманд баавгай суурьшлын бүсэд орж ирсэн нийт 28 тохиолдол бүртгэгдсэн байна.
Хүрэн баавгай идэш тэжээл хайх үедээ тайгаас бууж айл, суурин руу ойртох тохиолдол байдаг. Мөн бамбарууштай эвш болон жижиг баавгай том баавгайгаас дайжихдаа суурьшлын бүсэд орж ирж болдог аж.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг суманд хүрэн баавгай нутагладаг.
Иймээс намрын улиралд тайгын бүс болон баавгай тархсан нутгаар зорчих, мал маллах үед иргэд анхаарал болгоомжтой байх шаардлагатай байна.